Хүний амь хөнөөсөн хүүхдүүдийн ялыг хэвээр үлдээв

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Хүний амь хөнөөсөн хүүхдүүдийн ялыг хэвээр үлдээв

Баянзүрх шүүхээс өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-нд 20 настай охины амийг  хөнөөж, цогцсыг нь шатаасан 16 настай  Ч.Ганжаргал, Э.Ууганбаяр нарт  тус бүр 15 жилийн хорих ял оноосон. Харин тэдний ар гэрийнхэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, нийслэлийн  шүүхэд гомдол гаргаад байсан юм. Давж заалдах шатны шүүх тэдний гомдлыг хэлэлцээд анхан шатны шүүх хуулийн хүрээнд  ялласан хэмээн үзэж, 15 жилийн хорих ялыг хэвээр үлдээжээ. Шүүх хуралд улсын яллагчаар Г.Мичиддорж, Ч.Ганжаргал, Э.Ууганбаяр нарын  өмгөөлөгч Г.Хишигжаргал, Б.Ганбаатар, Б.Баясгалан , илтгэгч шүүгч  Д.Дамдин-Од нар оролцсон байна.

Хэргийг сануулбал, өнгөрсөн оны зургадугаар сард Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны нутаг, Шархадны гэр хорооллын орчимд  насанд хүрээгүй Ч.Ганжаргал, Э.Ууганбаяр нар нь  20 настай Б-гийн машинд сууж явахдаа боомилон  амь насанд нь хүрч, улмаар хэргийн ул мөрөө баллахын тулд цогцсыг шатаан  жалганд булсан гэмт хэргийг үйлдсэн юм. Тэд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “Машин унаж хотоор зугаалах бодолтой байсан. Талийгаачийг хөнөөе гэж бодоогүй. Ухаан алдуулах гээд хоолойг нь боосон чинь нас барсан байсан” гэжээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж