Сүхбаатар аймгийн Хөгжимт драмын театрынхан зохиолч Дамбын Төрбатад их жанжин Сүхбаатарын тухай жүжгийн зохиол бичиж өгөх хүсэлтээ уламжилсны дагуу “Сүүтэй тангараг” жүжгийн зохиол мэндэлжээ. Өнгөрсөн жилийн гуравдугаар сард бэлэн болсон уг жүжгийн бэлтгэл ажил эхлээд байна. “Жаахан шарга” театрын шинэ оны анхны уран бүтээл болон мэндэлж байгаа тус жүжигт их жанжин Сүхбаатарын байгуулсан гавьяаны тухай өгүүлэх бөгөөд ямар нэг улс төрийн зорилго агуулаагүй гэдгийг жүжгийн найруулагч хэллээ. Наран ургах зүгийн уугуул, Монгол Улсын тусгаар тогтнолд түүхэн гавьяа байгуулсан их жанжин Д.Сүхбаатарыг хятад цустай хэмээн буруутгаж, элэг нэгт монголчуудын цөсийг хөөргөж байсан үе саяхан. Өнгөрсөн намар өрнөсөн түүхийг гуйвуулах гэсэн зарим нэг хүний бодлогогүй үйлдлийн хариу болгож, нутгийнхаа сод хөвүүний тухай урлагийн бүтээл туурвихаар шийдсэн тухайгаа “Жаахан шарга” театрын ерөнхий найруулагч З.Далай ярьсан юм. Өмнө нь тус аймгийн театрын уран бүтээлчид жанжин Сүхбаатарын тухай бүтээл хийж байгаагүй учир “Сүүтэй тангараг” жүжиг нутгийн уран бүтээлчдийн хувьд түүхэн их хүний тухай туурвиж байгаа анхны бүтээл болж байгаа юм. Жүжигт “Жаахан шарга” театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа бөгөөд ирэх хоёрдугаар сарын 2-ны өдөр нээлтээ хийх ажээ.
Д.Улаанаа