Ченжүүд махны үнийг хөөрөгдүүлж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Ченжүүд махны үнийг хөөрөгдүүлж байна

Сүүлийн таван жилд буюу 2006 оноос Сүхбаатар аймгийн малын тоо толгой тогтмол өсч буй. Ялангуяа сүүлийн хоёр жилд нь таван толгой дээрээ өсч байгаа мэдээг аймгийн статистикийн хэлтсээс өгч байна. Мал сүргийн тоо толгой хоёр сая, 80 мянгад хүрчээ. Гэтэл идэшний мал болон махны ханш өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа нь иргэдийг бухимдуулсаар байна. Тухайлбал, эр хонь 150 мянган төгрөг, идэшний үхэр нэг сая төгрөгт хүрчихээд байна. Аймгийн төвд ганц байдаг “Жанжин тулга” худалдааны төвд өнөөдөр хонины мах нэг кг нь 3800-4000, үхрийн мах 4000-4300, ямаа болон адууны мах 3800-4000 төгрөгөөр борлуулж байна. Хэдхэн хоногийн дотор махны үнэ кг тутамдаа 200-300 төгрөгөөр нэмэгдээд байгаагийн учрыг махны ченж нартай холбон тайлбарлаж байгаа юм. Тэр дундаа Улаанбаатар хотын ченж нартай. Учир нь тэд малчдын бэлчээр дээрээс малыг нь өндөр үнэтэй аваад харин буцаад жижиглэнгийн наймаачдад худалдаалахдаа 200-400 төгрөг нэмж нийлүүлж байгаа аж. Ченжүүдийн гар дээрээс махыг ингэж өндөр үнээр авсан махны худалдаачид хэрэглэгчдэд нийлүүлэхдээ мөн л дээрх хэмжээний мөнгийг нэмэн худалдаалж амьдралаа залгуулах нь ойлгомжтой.

Махны жижиглэн худалдаачдын хувьд махны үнийг өөрсдийн дураар хөөрөгдсөн зүйл байхгүй, өөрсдөө малчдын гар дээрээс очиж авч чадахгүй болохоор яалт ч үгүй ченж нарын хэлсэн үнээр нь авч нийлүүлж байгаа гэдгээ учирлаж байлаа. Малчид ч гэсэн тээврийн зардал, явдал чирэгдлээс нь төвөгшөөгөөд аль болох бэлчээр дээрээсээ хүссэн үнээрээ өгөөд байх нь ашигтай байгаа бололтой.

Мал, мах маш өндөр үнээр буюу Улаанбаатарын ханшаар авна гэсэн зар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр байнга шахам цацагдаж байгаа нь Улаанбаатарын махны ченжүүд Сүхбаатар аймагт ирэн мал махны үнийг хөөрөгдүүлж байгааг нотлох шиг. Удахгүй монголчууд бидний уламжлалт баяр Цагаан сар болох дөхөж байгаа энэ үед махны үнэ улам л өсөх хандлагатай байна. Цаашлаад нэг кг махны үнэ 5000 төгрөг хүрэхэд ойрхон байна.

Г.Болормаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж