Хэвлэлийн хуралд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын захирал, хатагтай Б.Сэргэлэн, “Төгөлдөр” сангийн тэргүүн Х.Отгонтуяа, “Монголын балетын хөгжил сан”-гийн тэргүүн, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг нар оролцов. Хурлын үеэр Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг хэлэхдээ “Би энэ нэгдүгээр сарын тоглолтоо “Winter Star” гэж нэрлэсэн. Энэ сарын 14-ний 15.00, 19.00 цагт тоглох А.Аданы “Жизель” балетыг үзэгчдэд бэлтгэсэн. Яагаад “Жизель” балетыг сонгосон нь их учиртай. Энэхүү балетад гоцлох Тамара Рохо нь дэлхий дахинаа үнэлэгдсэн, мэргэжлийн маш гайхалтай бүжигчин бүсгүй байгаа. “Рояал Опера” театрын гоцлол бүжигчин бүсгүй урилгыг минь хүлээн авч, маргааш ирэх гэж байна. Тэр бол Жизелийн дүрээр гайхагдсан бүсгүй” хэмээн тайлбарлаж байв. Харин “Төгөлдөр” сангийн тэргүүн, хатагтай Х.Отгонтуяа хэлэхдээ “Би маш их баяртай байна. Миний хамгийн дуртай балет бол “Жизель”. Тамара Рохог бид Рояал театрт очоод үзэх боломж тэр бүр олдохгүй. Иймд Тамара Рохо Монголд ирж, Д.Алтанхуягтай хамт “Жизель”-д бүжиглэх болсонд миний хувьд их баяртай байна. Манай сантай хамтран цаашид Д.Алтанхуягийн сантай хамтран олон тоглолт, ажил хийнэ гэж бодож байна” хэмээн хэлэв.
Энэ удаагийн тоглолтын симфони найрал хөгжмийг АНУ-ын “Эл Система” төвийн захирал, удирдаач Марк Черчиль удирдах юм. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард зохион байгуулсан “Night of Ballet” олон улсын балетын фестивалийн симфони найрал хөгжмийг удирдаж байсан.
А.Аданы “Жизель” балетад тариачин бүсгүй Жизельд Тамара Рохо, Альберт гүнд Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг, Ганс ойн захирагч О.Лхагвасүрэн, Х.Мөнгөнхөлөг, Их сүнс Миртад Г.Батчимэг, Батильда Альбертын сүйт бүсгүй н Ц.Жаргалан, Герцог Х.Чойжилсүрэн, Жизелийн ээжид Р.Байгальмаа, па-де-де Г.Цолмон, балетчин А.Эрдэнэболд, Б.Саруул, О.Ганцоож нар гоцлон тоглох гэнэ.