Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга Т.Хасбаатар гурван асуудлыг энэ удаагийн хуралдаанаас шийдэх ёстой гэлээ. Нэгдүгээрт, намын ээлжит бус их хуралдуулах тухай асуудлыг шийдвэрлэх. Хоёрт, залуучуудаа Ардчилсан нам яаж дэмжиж ажиллах вэ гэдгээ тодорхой болгох. Гуравт, уул уурхайн их баялгийг ард түмэндээ тэгш хуваарилах тухай асуудлыг Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар хэлэлцээд Их хуралд оруулах ёстой гэсэн хүсэлт байлаа.
Мөн Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн н.Туул “Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусахад ердөө зургаахан сар дутуу байхад намын дарга Н.Алтанхуяг гарах тухайгаа бусадтайгаа зөвшилцөлгүй, хоёулхнаа шахам шийдэж мэдэгдсэн нь туйлын буруу алхам болсон. Үүнээс болж МАН-ынхан ч шоконд орсон. Гэнэт огцом шийдвэр гаргахаар тэгсэн байлгүй. Тэртэй тэргүй Ардчилсан нам хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажилласнаар ямар үр дүн гарав, гэрээнд зааснаас юу нь хэрэгжээгүй вэ гэдэг дээр ард түмэн үнэлэлт дүгнэлт өгч суугаа шүү дээ гэсэн юм.
Энэ удаагийн 35 дугаар хуралд оролцож буй Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн хувьд “МАН-тай нэгдэн Засгийн газар байгуулах болохоор Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулдаг. Засгийн газраас гарах болохоороо намын дарга ганцаараа шийдвэр гаргадаг байж болохгүй. Яагаад Ш.Түвдэндоржоос эхлээд УИХ дахь намын бүлэгтэйгээ ярилцаж болдоггүй юм бэ. Таван сайдтайгаа ч ярилцсан юмгүй. Тэгснээ гэнэт гарах тухай асуудлыг хэлэлцүүлнэ гээд Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулдаг байж таарахгүй” гэдгийг ч хэлж байна. Харин Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “Өөр юу хэлмээр байна, бүгдийг хэл” хэмээн гишүүдийнхээ үгийг аль болох тайвнаар хүлээж авахыг чармайж байна. Гэхдээ одоо хуралдаан хаалттай горимд шилжээд байна.