Сум дэлбэрч, хоёр хүн бэртжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Сум дэлбэрч, хоёр хүн бэртжээ

2012 он гарсаар бууны сум дэлбэрч, хүн гэмтсэн тохиолдол хоёр ч удаа гарчээ. Нэгдүгээр сарын 4-нд нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэн зуухандаа санамсаргүй бууны сум хийсэн нь дэлбэрч, хүзүүн тус газраа гэмтжээ. Түүний биеийн байдал хэвийн, Гэмтэл согог заслын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Гэтэл дээрх хэрэг гарсны маргааш өдөр буюу нэгдүгээр сарын 5-нд мөн Баянзүрх дүүрэгт гэртээ хадгалж байсан бууны сум нь дэлбэрсэн тохиолдол гарчээ. Ямар учраас бууны сум гэртээ хадгалж байсан талаар тодруулахад, “Бууны сумыг өмнө нь хог дээрээс олсон” гэж мэдүүлжээ.

Буу, сум зэрэг галт зэвсгийг хуулийн байгууллагын тодорхой журмын дагуу хэрэглэх ёстой байдаг. Тодруулбал, бууг улсын бүртгэлтэйгээр иргэнд эзэмшүүлэх, сумыг гар дээрээс худалдахыг хориглох зэрэг журмыг хуулийн байгууллагаас гаргасан байдаг. Гэтэл сүүлийн үед бууны сумыг буруу, ил задгай байлгах, энд тэндээс олдсон гэх хэрэг багагүй сонсогдох болсон. Тиймээс цагдаагийн байгууллагын зүгээс иргэд буу, сум болон хориглосон бүтээгдэхүүн иргэдийн гар дээрээс авахгүй байх, түүнийгээ ил задгай хаяхгүй байхыг иргэдэд анхааруулж байна.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж