Барилгын салбарт үнийн бүрдүүлэлт үгүйлэгдэж байна гэв

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Барилгын салбарт үнийн бүрдүүлэлт үгүйлэгдэж байна гэв

Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Монголын барилгачдын холбоо, “Барилга.мн” сэтгүүл, “Барилга зөвлөгөө” мэдээллийн төв, “Монголын цахилгаан холбоо” компани хамтран “Үнэ бүрдүүлэлтийн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр “Континентал” зочид буудалд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болоод хувийн хэвшлийн 100 гаруй байгууллагын төлөөлөл оролцож, барилгын салбарт тулгамдсан асуудлыг тодорхойлж, цаашид хэрхэх тухай ярилцлаа.

Үнийн бүрдүүлэлтийн тодорхой сэдвийн дор ийнхүү хуралдсан барилгын салбарынхан зохион байгуулалттай, нэгдсэн үнийн зохицуулалт үгүйлэгдэж буй тухай асуудлыг голчлон хөндөв. Үнийн бүрдүүлэлт гэдгийг энгийн үгээр тайлбарлавал, барилга, байгууламж бүтээн босгоход төсөвлөгдөх өртгийг хамгийн бодитоор тооцож үзэх тогтолцоо юм. Тухайлбал, Туркийн засгийн газар барилга, хот байгуулалтынхаа үнийн бүрдэлт буюу барилга сүндэрлүүлэхийн тулд төсөвлөж буй хөрөнгийн хэмжээг тодорхойлдог гэнэ. Ийм тогтолцоо манай улсад чухам дутагдаж байгаа тухай хурлын үеэр онцолсон юм. Мөн энэ үеэр цугласан байгууллагуудын төлөөллүүд сүүлийн үеийн барилгын чанар муудсан тухай шүүмжилж, “Хэдэн аяга кофе ууж, хэдэн төсөл, тендерийн тухай цаасан дээр баталж суух цагаар барилгууд чинь нурж уналаа” хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж