Дуранд буусан Монгол ахуй

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Дуранд буусан Монгол ахуй

Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр нэгэн сонирхолтой үзэсгэлэн нээлтээ хийж байна. Энэ бол авьяаслаг гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн Монгол орныг тойрон аялахдаа хальснаа буулгасан шилдэг гэрэл зургийн “Хөх тэнгэрийн орон“ үзэсгэлэн юм. Г.Ган-Өлзий өнгөрсөн оны тавдугаар сараас есдүгээр хүртэлх хугацаанд 21 аймгийн нутгаар аялж, 25 мянган км зам туулжээ. Түүнийг үзэсгэлэндээ бэлдэж байхад нь очиж уулзсан юм.

-Үзэсгэлэндээ зориулж хэчнээн зураг сонгов?

-Яг үүнийг л үзүүлчих юмсан гээд дэлгэе гэхээр 300 гаруй гэрэл зураг болчихоод байгаа юм аа. Тэгтэл үзэсгэлэнгийн зааландаа багтаагаад 300 зураг тавих гэхээр зургуудаа хэтэрхий жижгээр хэвлэж таарах гээд. 300 ширхэг жижиг зураг үзэх гээд явах нь хүнд төвөгтэй шүү дээ. Тийм болохоор эхний ээлжинд таллаад, том жижиг гэрэл зургуудаа хослуулаад харуулбал хожим үлдсэн зургийг нь үзэх боломж гарах байлгүй гэж бодоод л сууж байна даа.

-Дөрвөн сар аялахдаа хэдэн зураг дарсан бол. Дунджаар. Тоо гаргасан уу?

-Яг дарсан зургуудаа тооцох юм бол 500GB багтаамжтай гурван хард диск дүүрсэн. Нэг зургийн буюу обьектийн ард 50-100 зураг дарагддаг. Би аяллынхаа явцад 500 гаруй газар очиж, олон зуун хүнтэй уулзсан. Ер нь баримжаалахад 30-аад мянган зураг байгаа байх аа. Үүнээс нэг зургаа нэг бүтэгдэхүүн гэж тооцвол 1000-гаад зураг гарах болов уу.

-Тухайн мөч дүртэй уралдаж, дарсан зураг бүрээсээ дараа нь сонголт хийж, хасах амаргүй байдаг уу?

-Гэрэл гэгээ, камерийнхаа өнцгийг ихэсгэж, багасгасан гээд зургаа харж байгаад сонголт хийнэ л дээ. Эхэндээ устгаж чадахгүй дарсан зураг бүрээ цуглуулаад л хүүхэд шиг бөөцийлдөг байсан. Сүүлдээ нөгөөдөх нь багтахаа болиод ирэхээр шилж сонгодог болсон. Бүгд байгаад байвал би шинэ хард нэмж аваад л байна. Яваандаа аль болох хэрэгтэйгээ авч үлдээд хэрэггүйгээ устгаж сурдаг юм байна.

-Магадгүй танд яг энэ аяллынхаа зургаар гэрэл зураг цомогтой ном бэлтгэх төлөвлөгөө бий юу. Маш их хөдөлмөр зарсан зураг авалт шүү дээ?

-Бодсон зүйл байгаа. Гурван ч альбом гаргах боломжтой юм байна бодож байгаа. Эхлээд аяллынхаа нэрээр нэрлэсэн “Хөх тэнгэрийн орон” альбом гаргана. Үүндээ энэ үзэсгэлэндээ тавигдсан зургууд дээрээ суурилсан альбом хийнэ. Хоёрт нь “Бид монголчууд” нэртэй яг Монгол хүний амьдрал, ахуйг харуулсан альбом хийх бодол бий. Гурав дахийгаа болохоор “Монгол хүүхдүүд” гэж нэрлэдэг юм билүү. Хүүхдийн ертөнцөөр… Хотод бол яахав дээ хүүхдүүд дулаан байрандаа амьдраад болоод байгаа. Харин хөдөөд хүүхдүүд яг яаж амьдарч байгааг харуулмаар санагдаад байгаа юм. Монгол ахуй тэндээс маш тод харагдах байх. Ер нь хараад байхад гадныхан монгол хүүхдийн төрх, монгол хүүхдийн агшин авах гэж дурладаг. Хацар, гараа халтайтал тоглоод гүйж яваа, эсвэл халтайтлаа аав, ээждээ туслан, ажил хийж байгаа хөөрхөн дүр төрх зөндөө байдаг шүү дээ. Тэр зөвхөн Монголд л байдаг дүр төрх байхгүй юу.  Монгол хүүхдүүд хөөрхөн шүү. Тийм болохоор нэг альбомоо заавал “Монгол хүүхдүүд” гэж нэрлэх бодолтой байгаа.

-Бүхэл бүтэн зуны турш аялж, уран бүтээл хийнэ гэдэг бас л их зорьж байж хийх ажил байх шүү?

-Манай аав хилийн цэргийн хүн л дээ. Хилийн цэргийн хурандаа байсан. Одоо  тэтгэвэртээ суусан сайхан хөгшин байгаа. Багаасаа би аавыгаа дагаад хилээр их тэнэдэг байлаа. Би чинь Дорноговьд төрөөд, Улаанбаатарт цэцэрлэгт байж байгаад Ховд аймгийн Булган суманд нэгдүгээр ангид орсон.Тэгснээ Өмнөговь аймагт дунд сургуулиа төгсөөд одоо хотод амьдарч байна гэхээр нэлээд тэнэсэн хүн юм шиг байгаа юм. Үндсэндээ хөдөлгөөн дунд амьдарсан хүн. Заримдаа намайг аав, ээж буруутгах гээд байдаг юм. “Энэ хүн гэр бүлээ орхиод дандаа тэнэж байдаг” гээд. Яг үнэндээ бол тэдний л буруу байхгүй юу.  /инээв/ Намайг бүр багаас нь хөдөлгөөн дунд оруулчихсан. Эргээд бодоход тэдний  буруу биш харин ч надад маш зөв хэв маягийг бий болгосон байна л даа. Ингэж явсаар 2005 онд Урлагийн зөвлөлд ажиллаж байхдаа “Миний түүх, миний соёл” гээд төсөл боловсруулсан. Их Монгол улсын 800 жилийн ойд зориулсан түүхийг өгүүлсэн телевизийн 50 цуврал нэвтрүүлэг хийх гээд төсөл боловсруулж, түүндээ санхүүжүүлэгч олсныхоо дараа Монгол орныхоо бараг гуравны хоёроор нь явсан юм. Тэр үед би дижитал аппараттай байлаа. Сүүлд ирчихсэн хойноо зургуудаа харсан чинь яахав ээ, гологдохооргүй юм шиг зургууд, гэхдээ аппратаасаа болоод хэрэгцээ хангахааргүй зургууд байсан л даа. Түүний дараа “Хүүхэд ба дуран” гэж төслийг Урлагийн зөвлөлд ажиллаж байхдаа хэрэгжүүлсэн. Ингээд эргээд гэрэл зурагтай холбогдсон. Би чинь бүр хүүхэд байхдаа гэрэл зургийн дугуйланд, гэрэл зурагт сонирхолтой байсан юм. Үүнд нөгөө тэнэмэл, аялах дуртай гэдэг зан маань байнга л нөлөөлнө. Байсхийгээд л  уул хад руу явчихдаг, үүргэвч үүрээд ойр зуур аялах жишээний. 2010 онд би ганцаараа Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Дундговийн нутгаар машинтай аялсан юм. Тэгээд  явж ирээд ер нь бол Монгол орныг заавал тойрох хэрэгтэй юм байна гэж бодсон. Хэсэгчилж үзэх тусам дараагийн шунал би болоод байгаа байхгүй юу. Би энийг үзсэн бол надад дараа нь тэрийг үзэх хэрэгтэй гэсэн шунал маань асч эхэлсэн. Тэр үедээ би өөртөө төлөвлөгөө тавьж, ямар ч байсан ирэх жил би Монгол орноо бүтэн тойрно. Тэгэхдээ зүгээр хил дагаж тойрох биш, би үзэж, харах ёстоо зүйлсээ нэгдүгээрт өөрөө харъя. Өөрөөрөө дамжуулан бусад хүмүүст үзүүлье гэж зорьсон. Аялах гэдэг хүсэл, сонирхол бол хүн бүрт байдаг зүйл байх. Гэхдээ мөнгө төгрөг, зав зай гээд олон асуудал бий л дээ. Гэхдээ би мөнгөтэй баян хүн биш шүү дээ. Миний аялах гэсэн тэр хүслийг хэн санхүүжүүлж болох вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. 2010 оны зун аялал дуусч ирээд намар, өвөлжин дараагийн аялалын маршрут, бүх зүйлсийг бодож, боловсруулаад дараа нь ивээн тэтгэгч нарт хандсан. Ивээн тэтгэгчидтэйгээ уулзаад аялалынхаа талаар танилцуулахад бүгд халуун дотноор хүлээж авсан. “Хүүе Ганаа, наадах чинь гоё санаа байна. Чи үүнийг хийх хэрэгтэй. Яагаад гэвэл чи биш юм аа гэхэд хэн нэг нь хийх л хэрэгтэй. Тэр хэн нэгнийг бид санхүүжүүлэх ёстой. Чамтай хамтарч ажиллана” гэж хүлээж авсан. Өмнө нь хамтарч ажиллаж байсан хүмүүстээ л би энэ саналаа тавьсан л даа. Тэгээд миний аяллын ерөнхий тэтгэгчээр “Боргио” брэнд ажилласан. Би чинь “JCI Монгол” гээд байгууллагын гишүүн байгаа юм. Тэр байгуулагын найз нар маань нийлээд нэг арга хэмжээ зохион байгуулж, миний аялалд хандив болгон өгсөн. “Kia Motors Мongolia” компани байна. Тэдэнд аялалаа танилцуулахад надад юу санал болгосон гээч. “Kia Mohave”…Ийм машинтай байхад би аялаад байна биз дээ /инээв/. Энэ машины маань стандарт үнэ нь 44 мянган ам.доллар. Манай хүмүүс надад хангалттай хөнгөлж өгөөд, үлдсэн хувийг нь би банкны лизингээр авах болсон. Ингээд “Kia Motors Мongolia” компани миний аялалд ивээн тэтгэгчээр ажилласан юм. “SilkRoad group”, “Air ticket” компанийн Бат-Эрдэнэ, Баттөмөр гээд залуус миний аялалын ар талын бүх асуудлыг хариуцаж байлаа. Аяллын явцад гарч байсан бүх арын асуудлыг зохицуулсан. Дараагийн том ивээн тэтгэгч нь Харилцаа холбооны сансрын холбооны “Iridium” гар утас, интернэтийн 3.5 G  үйлчилгээ байсан. Би энэ аяллын явцад дан суурин газраар яваагүй болохоор эрсдэл мэдээж байсан. Гэлээ гэхдээ яг энэ аяллын хугацаанд надад нэгдүгээрт найдвартай унаа, хоёрдугаарт найдвартай санхүүжилт бэлэн байсан учраас эрсдэлгүй явсан. Тэгээд дээрээс нь хаана ч очсон сэтгэлийн сайхнаа дэлгэж угтсан эгэл жирийн ард олондоо би маш их талархаснаа хэлмээр байна.

-Аялал гэхээр хүмүүст цөөн тооны гэхээр үзэсгэлэнт газрууд санаанд буудаг. Харин таны маршрут бол өөр байж?

-Газар болгонд өөрийн гэсэн онцлогтой зүйл байдаг. Жишээ нь зүүн тийшээ явах юм бол маш сайхан, халиурсан тал хөндий, дархан цаазат газруудыг харж болно. Дорнодод Монголын хамгийн том бурхан байна. Монголын улаан номд багтсан ан амьтад бүгд тэнд байна. Говь бол тодорхой. Угаасаа гайхамшиг. Сөнөсөн тэнгисийн ёроол гэдэг биз дээ. Өчнөөн зүйл харж, үзэж  болно. Элсийг нь хүртэл бид нар эмрээд үзэх хэрэгтэй байхгүй юу. Говьд хичнээн сайхан сэрүү татсан баянбүрд, нар төөнөн ногоорсон газрууд байна. Энэ бүгдийг олж харах хэрэгтэй. Баруун тийшээ бүр гайхамшиг. Сүрлэг, өндөр уулсыг юу гэж бодно. Баруун нутгийн үндэстэн, ястны амьдралын онцлог, хэв маяг бол гайхмаар шүү дээ. Зүгээр л аялах хэрэгтэй. Ахуй амьдрал хараад. Би тэгж л бодсон. Монгол орон тэр чигтээ гайхамшиг гэдгийг аялах бүртээ л нэмж ойлгодог доо.

Манайхны тэгдэг л дээ. Өмнөговьд очоод Баян заг, Ёлын ам, Хонгорын элс үзчихвэл боллоо гээд гараад нисчихдэг. Гэтэл 600 км газар пижигнэтэл давхисаар Ёлын аманд очихдоо аль хэдийнэ замдаа ядраад сэтгэлээр уначихсан хүмүүс очдог. Гэтэл ийм аялал хийхдээ Өмнөговь ортлоо юу үзэж болох вэ гэдгийг судлах хэрэгтэй. Улаанбаатараас гарлаа… Цогтын хадны бичиг хаана байна, тэнд оч л доо. Бага газрын чулуугаар ороод Дундговийн төвөөр дайраад урагшаа Их газрын чулуу орох уу, эсвэл Онгийн хийдээр дайраад Баянзаг орох уу, чигээрээ яваад Цагаан суврагаар дамжаад Өмнөговь ороод Ёлын ам орох уу гэх мэтээр эхлээд төлөвлөгөө, судалгаагаа өөрөө сайн хийх хэрэгтэй. “Чи хорин хэдэн мянган км газарт дан машинаар яваад ядарч үхдэггүй юм уу” гэж надаас хүмүүс асуудаг л даа. Гэтэл намайг ядраахгүй зүйлс Монголд маань дүүрэн байна шүү дээ. Би нэг гоё газраас нөгөө сайхан газар руу 30-50 км яваад л оччихно. Тэгэхээр аяллын алхам бүр үнэ цэнэтэй л гэмээр байна.

-Үзэсгэлэнгээс аялалд явмаар санагдах сайхан мэдрэмж авах байх гэж найдаж байна?

-Энэ үзэсгэлэнг хүмүүст ийм сайхан газрууд байна шүү гэсэн сэдэл төрүүлээсэй гэдэг зорилгоор гаргаж байгаа юм. Би ер нь бардамнал гэсэн зүйлээс зүрх алддаг хүн байгаа юм. Яагаад гэхээр надад өөртөө итгэх итгэл байдаг. Би бол өөртөө хангалттай итгэж чадна. Гэхдээ би л өөртөө  итгээд байгаа болохоос хүн надад итгэхгүй байж магадгүй гэж боддог л доо. Тийм болохоор миний үзэсгэлэнд ирсэн хэн ч, юу ч ярьж магадгүй. Гэхдээ зорьж ирээд үзээсэй л гэж урьж байна. Сэдэл ямар нэг хэмжээгээр төрнө. Монгол орныхоо үзэж, хараагүй тодорхой хэсгүүдийг олж харна. Би Монгол орноор хөндлөн гулд явж барахгүй шүү дээ. Бүх аймгийн бүх сумдаар одоо бол явж чадаагүй л байгаа. Бүх аймгийн нутгаар явсан ч Монголын орны 360 гаруй сумдын 200 гаруйгаар нь л аялсан. Би “Монгол орны гэрэл зургийн хангалттай фонд надад байгаа” гэж ярилаа гэж бодоход нэг хүн надаас Өвөрхангай аймгийн тэр сумын Шанага толгойн зураг байна уу гэхэд надад байхгүй л байх жишээний. Шанага толгой нь тэр нутгийнхаа бас л нэг сайхан шүтээн нь. Гэтэл би тэрийг нь мэдээлэл хомсоосоо болоод мэдэхгүй зөрөөд давхичихсан. Эрх чөлөөний хөшөө ч юм уу, Парисын цамхагыг үзэх гоё л доо. Бид нар өнөөдөр даяаршлагдсан нийгэмд амьдарч байгаа хүмүүс, сайн сайхан үзэх хэрэгтэй. Гэхдээ тэр сайхантайгаа хамтатгаад Монголынхоо сайхныг үзэх хэрэгтэй. Үзэх тусам хайр гэдэг юм бий болдог. Хоосон хайрласнаас харчихаад хайрлавал илүү гоё. Аялаад явж байхад уйлах үе хүртэл гарна. Хичнээн сайхан байсан газрыг хог болгоод, нүхлээд хаячихсаныг хараад уйлж байсан. Үнэхээр монгол хүн л юм бол уйлмаар санагдана шүү. Сэтгэл өвдөнө. Би одоо нэг л зүйлийг бардам хэлж чадна. Би эх орныхоо байгалиар бахархдаг, би эх орноо чин сэтгэлээсээ хайрлаж чадна. 

-Аялж явахдаа олон үндэстэн, ястантай уулзсан байх. Монгол ахуйн нэг гайхамшиг нь олон үндэстний соёл гэж боддог?

-Тэгэлгүй яахав. Гэхдээ тэр ахуй, тэр соёлоо хайрлахгүй бол цаг хугацааны уртад гээгдэх вий гэдэг болгоомжлол төрж байсан. Жишээ нь, аяллын явцад би яг өөрийн үндэстэн, ястны хувцсаа өмссөн ард түмний зураг олныг авах вмсан гэж бодсон. Гэтэл Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас жинхэнэ дарьганга хийцийн хувцастай хүн олоогүй. Тийм хувцас байхгүй. Эрэгтэй, эмэгтэй аль нь ч байхгүй байсан. Аймгийн музейд ганцхан байдаг гэтэл тэр нь зүгээр нэг нөмгөн дээл үлдсэн байна лээ. Үзэмчин ястны дээл хувцастай зураг авахын тулд сумын төвөөс 30 км гаруй явж байж зураг авсан. Тэнд нэг үзэмчин эмэгтэй байсан. Тэр дээл ганцхан түүнд л байдаг юм билээ. Барга ястны дээл, хувцастай зургийг авах гэж Соёлын төвийнх нь саяхны тоглолтод хэрэглэсэн дээлийг хүнд өмсгөж байж зургийг нь авсан. Зөвхөн хувцасны тал дээр л ийм байна шүү дээ. Гэтэл цаана нь аман зохиол, дуу хуур гээд биет бус соёлын өв хэчнээнээрээ алга болж байгааг мэдэхгүй юм даа. Үнэхээр харамсмаар санагдсан.

-Яг үндэстэн, ястны зураг тэгээд санасандаа хүртэл авч чадсан уу?

-Барга, Үзэмчин, Торгууд, Буриад, Казах, Захчингуудын амьдрал ахуй, хувцас хэрэглэлийг харуулсан цөөн тооны зураг авсан. Буриадын “Алтаргана” гээд наадам болно болдог доо. Барга үндэстний “Алтан дөрөө” ч гэж наадам байдаг. Ийм наадмуудыг бодлогоор дэмжмээр юм байна гэж надад санагдсан. Тийм наадмууд л энэ үндэстэн, ястны соёлыг авч үлдэхэд арай илүү нөлөөлж байх шиг байна. Ядаж л барга ардын дуулна гээд зарлахад жинсэн өмдтэй хүн гарч ирдэггүй л байхгүй юу. Угсаатны зүйн талын зүйлсээ сайхан хадгалж байгаа үндэстэн, ястнууд байна. Буриад, Казахууд байна. Торгуудууд бас сэргээх гэж оролдож байгаа санагдсан. Гэтэл нөгөө халх хувцас маань бас хаана явна гэдэг асуудал байна шүү /инээв/.

-Аялалдаа ямар аппарат хэрэглэсэн бэ?

-Би “Canon”-ын улаан фен шүү дээ. Canon 5D Mark II гэж камертай. Дөрвөн янзын дурантай. Хоёр speedlight гээд нэлээд сайн тоноглосон.

-Өндөр ууланд, эрсдэлтэй орчин нөхцөлд зураг авах үе хэр олон таарсан бэ?

-Унаатай явж байгаад уулан дээр гарч зураг авна гэдэг бас асуудал юм билээ. Камер, хэрэгслэлээ үүрээд алхана шүү дээ. 20 гаруй кг ачаа болно. “Хөх тэнгэрийн орноор” аяллынхаа хугацаанд бол хоёр удаа өндөр оргилд гарсан. Их Богдын нуруу нөгөө нь Алтай таван богдын тэнд байдаг Малчин оргил. Малчин оргил далайн төвшинөөс дээш 4050 км өндөр. Тэр өндөр дээр гараад зураг дарна гэдэг ярих юмгүй гайхамшиг байсан.

-Ойрын хугацаанд та гадагшаа гарч, фото аялал хийхээр төлөвлөсөн үү?

-Энэтхэг ч юм уу, Түвдээр тэнэж үзмээр санагдаад байгаа юм. Ажлын нөхцөл байдал болохгүй л байна.

-Гэхдээ өмнө нь бол явж байсан биз дээ?

-Яг ийм гэрэл зурагтай холбоотой аяллыг бол Өмнөд Солонгост бүтэн хийсэн. Японд бас үүргэвчээ үүрээд, зураг авч аялсан. Англид нэлээд явсан. Хятад руу бас явсан юм байна.

-Нээрэн та, гэрэл зургийн студиэ танилцуулахгүй юу?

-Манайх “Студи 11” гэдэг нэртэй студи л дээ. Хэн намайг тооно тэр хүний зургийг авч, хамтарч ажиллана гэдэг уриатай /инээв/. Би сүүлийн үед компаниудын зохиомжтой сурталчилгааны зургууд дээр нэлээд ажиллалаа. Гэрэл зургийн студи байгуулаад, түүндээ нарийн төрөлжсөн хэлбэрээр үйл ажиллагаа явуулна гэвэл Монголын зах зээлд хэцүү л дээ. Тийм болохоор ажиллаж болох ямар л боломж байна тэр бүгдийг сурч, хүмүүст үйлчлэхийг хичээж байна.

-АПУ компанийн 2012 оны календарийн зургуудыг таны Facebook-ээс харсан. Сонгодог урлагийн, балетийн зургуудийг маш гоё зохиомжтойгоор авсан байна лээ. Таалагдсан.

-АПУ-гийн марктенгийн албаны дарга Баярмагнай гээд залуу байдаг юм. Бид хоёр уулзаад энэ оны календарийг нь ямар байдлаар хийвэл зүгээр юм бол гэдэг дээр санал солилцож байгаад бүх үндэстэн ястны бүжгийн хөдөлгөөн дээр тулгуурласан байвал ямар вэ гэсэн санал тавьсан юм. Гэтэл АПУ компани олон жил энэ календарийг дараалан хийхдээ үндэсний хувцастай, хамтлаг, дуучинтай, гадаадын моделуудтай гээд олон янзаар хийсэн юм байна л даа. Тийм болохоор бүжиг гэдэг санаан дээрээ тулгуурлаад сонгодог урлаг буюу балеттай холбож хийе гэдэг шийдэлд хүрсэн юм. Календар дээр 13 зураг байгаа ч бараг 3000 зурагнаас шилж байж сонгосон. Зураг авалт маань бараг 14 хоног үргэлжилсэн юм байна. Зураг таалагдсан бол их баярлалаа.

Бидний яриа энд хүрээд өндөрлөлөө. Монгол ахуй, монгол соёл, монгол аяллын гэрэл зурагт үлдсэн давтагдашгүй агшныг та Гэрэл зурагчин Г.Ган-Өлзийгийн “Хөх тэнгэрийн орноор” үзэсгэлэнгээс тольдоорой. Гайхамшигтай мэдрэмж өгнө гэдэгт найдаж байна. Үзэсгэлэн Тусгаар тогтнолын ордонд нэгдүгээр сарын 11-21-ний хооронд үргэлжлэх болно.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж