ЭБЭХЯ-ны Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газрын орлогч дарга, Ойн арга хэмжээг зохион байгуулах Төв комиссын нарийн бичгийн дарга Ч.Цогтбаатараас энэ талаар тодрууллаа.
Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн гол онцлог нь юү вэ? Салбарын яам үүнд нэлээд ач холбогдол өгч байгаа нь харагдаж байна?
Налайхын нүүрсний уурхай 1922 онд нээгдэж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тиймээс Монголын уул уурхайн салбарыг энэ үеэс үүсч хөгжсөн гэж үздэг юм. 90 жил гэдэг бага хугацаа биш. Салбар хариуцсан яамны зүгээс энэ ойд ач холбогдол өгч, олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Юуны өмнө уул уурхайн салбар гэж чухам юу юм бэ гэдгийг олон нийтэд үнэн зөвөөр ойлгуулахыг хичээх болно. Энэ салбараас болоод нийгэмд хамаг муу муухай зүйл бий болж байна гэсэн ойлголт их байдаг. Гэтэл Монгол улсад асар их орлого оруулж байгаа салбар бол уул уурхай. Улсын төсөв урьд байгаагүйгээр нэмэгдлээ шүү дээ. Мэдээж хэрэг 90 жилийн хугацаанд хийж бүтээсэн бүхнээ эргэж нэг харья, дүгнэж цэгнэе. 1980-аад онд уул уурхайн үйл ажиллагаа нэлээд эрчимжсэн байдаг. Эрдэнэт, Багануур, Бор-Өндөр зэрэг хэд хэдэн том үйлдвэр тэр цаг үеийг тодорхойлж байлаа. 1990-ээд оноос хойш салбар маань үндсэндээ зогсонги байдалд орчихсон. 2000 оны дунд үе хүртэл ямар нэг үйлдвэр, уурхай ашиглалтад ороогүй. Яагаад гэвэл тухайн үед ашигт малтмалын үнэ зах зээл дээр маш доогуур үнэлгээтэй байсан. Гэхдээ Бороогийн алтны үйлдвэр, Төмөртийн овооны цайрын үйлдвэрүүд ашиглалтад орсноор уул уурхайн салбарын зогсонги байдал өөрчлөгдсөн гэж хэлж болно. Өнөөдөр томоохон төслүүд ашиглалтад орохоор хөдөлж эхэллээ. 90 жилийн босгон дээрээс харахад зөвхөн олборлох салбар биш, түүнийг яаж боловсруулах вэ, яаж нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх вэ гэсэн асуудал тулгарч байна. Үйлдвэржилт рүүгээ анхаарах цаг болоод байна.
Төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах тал дээр хэр анхаарч байна вэ?
90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ЭБЭХЯ-ны сайдын тушаал гарлаа. Комисс байгууллаа. Ойг ганцхан Үйлдвэр худалдааны яам зохион байгуулж амжихгүй. Тиймээс бид Ашигт малтмалын газар, Уул уурхайн үндэсний ассоциаци зэрэг байгууллагатай хамтарна. Урьд бол яам нэг юм хийгээд, төрийн бус байгууллагууд огт өөр юм хийгээд явдаг байсан. Тэгвэл 90 жилийнхээ ойгоор хамтарч ажиллахыг эрмэлзэж байгаа. Бид уул уурхайн салбарын компаниудад хандаж, байгууллагынхаа хүрээнд ойг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөө гарган ажиллаач гэсэн хүсэлт тавьсан.
Г.Идэр