Иргэдэд хөнгөлөлттэй үнээр түлээ олгов

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Иргэдэд хөнгөлөлттэй үнээр түлээ олгов

Завхан аймгийн Улиастай суманд зургаан мянга гаруй айл өрх амьдарч, хэдэн арван аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаагаа явуулж байна. Тиймээс түлшний хувьд томоохон асуудал байсаар ирсэн. Харин энэ асуудлаа бүрэн  шийдэж, шинэ оны өмнө түлшний захаа албан ёсоор нээсэн юм. Энэ ажлыг УИХ-ын гишүүн Д.Балдан-Очирын санаачилгаар “Субруга унгуд” компани хийж гүйцэтгэжээ. Түлшний зах байгуулах ажил өнгөрсөн намар эхэлсэн ч богино хугацаанд бодит ажил болж, өвлийн хүйтнээс өмнө завханчууддаа хөнгөлөлттэй үнээр мод түлээ олгохоор боллоо.

Нээлтийн үйл ажиллагааг тохиолдуулан аймгийн эмзэг бүлгийн 30 өрхөд тус бүрт нь нэг тэвш галын түлээг үнэ төлбөргүй өгч, 80 гаруй өрхөд 60 хувийн хөнгөлөлттэй үнээр түлээ олгосон байна.

Түлшний зах байгуулах энэ томоохон бүтээн байгуулалтын ажилд тойргоос сонгогдсон төрийн түшээ Д.Балдан-Очир гишүүний багцаас хөрөнгийн санхүүжилт хийжээ. Ард иргэддээ хөнгөлөлттэй үнээр түлээ нүүрс олгохоос гадна энэ түлшний зах үйл ажиллагаагаа эхлүүлснээр олон арван ажлын байр шинээр нэмэгдэж байгаад нутгийн олон ам сайтай байна.

Дашрамд дуулгахад, шинэ зах нь мод, түлээ нүүрс худалдаалахаас гадна, шахмал түлш, хийн түлш зэргийг зах зээлийн үнээс харьцангуй хямд үнээр хэрэглэгчдэд хүргэхийг зорин ажиллаж байгаа гэнэ.

Завхан аймагт өнөөдрийн байдлаар ЗИЛ-130 машин мод 450-500 мянган төгрөг, нэг портер мод 170 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол энэхүү зах нээгдсэнээрээ түлээ нүүрсний үнэ эхний ээлжинд 20-50 мянган төгрөгөөр буурах боломжтой болж байгаа ажээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж