Х.Баттулга байр сууриа илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Х.Баттулга байр сууриа илэрхийлэв

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны /ҮЗХ/ хурал хамтарсан Засгийн газарт ажиллаж ирсэн сайд нарынхаа мэдээллээр үргэлжилж байна. Хамгийн түрүүнд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа мэдээллээ хийсэн бөгөөд үүнээс хойшх хуралдааныг хаалттай явуулахаар хурал даргалагчдын зүгээс шийдээд байсан юм. Энэ үеэр ЗТБХБ-ын сайд Х.Баттулга хурлыг сэтгүүлчдэд нээлттэй явуулах ёстой гэдэг байр суурь илэрхийлснээр сэтгүүлчид сайд нарын хэн нь ямар мэдээлэл хийхийг  олон нийтэд дамжуулах эрхтэй болов. Улмаар Х.Баттулга Засгийн газарт ажилласан хугацаандаа ямар үнэлэлт, дүгнэлт өгч байгаагаа танилцууллаа.

Тэрбээр хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам гарах тухай Н.Алтанхуягийн мэдэгдлийн талаар байр сууриа илэрхийлэв. Н.Алтанхуяг юутай ч энэ талаар өмнө нь сайд нартайгаа зөвлөлдөөгүйг тэр хэлээд, яагаад ийм шийдвэр гаргах болсноо олон нийтэд ул үндэстэй тайлбарлахгүй байгааг онцлов. Ардчилсан нам дуртай үедаа Засгийн газарт ордог, дургүйгээ хүрэхээр гардаг гэсэн ойлголтыг хүмүүст өгч байгааг буруутгаад үүний цаана ямар улс төрийн нөхцөл шалтгаан байгааг өөрийн зүгээс тайлбарласан юм. Хамтарсан Засгийн газарт ажилласан сүүлийн хоёр жилд Н.Алтанхуяг намынхаа сайд нараа нэгдсэн бодлогод зангидаж, танхимд цул хүч болгож, хүчтэй байр суурин дээр авч явж чадаагүй гэв. Эхний жил хагасын хугацаанд Ардчилсан намын сайд нар “бэрхийг туулах гэж байгуулагдсан Засгийн газар шүү” гэсэн ухамсар, сэтгэлийн дуудлагаар ажиллаж байсан, сүүлдээ бэрхийг туулдаг Засгийн газар маань байхгүй болсон” гэлээ. Яагаад бид Засгийн газарт орж, гарч байгаагаа тайлбарлахгүйгээр ард түмний нэр  барьж дуртайгаа хийж болохгүй гэв.

Хамтаръя гээд Засгийн газарт орохдоо улс үндэстний хүнд асуудлуудыг шийдье гэж зорьсон ч сүүлдээ нөгөө нам энэ зорилго дээр байгаад эргэлзэх болжээ. Уул уурхайгаа түшиглэж хөгжинө, ингэхийн тулд бүтээгдэхүүнийг түүхийгээр борлуулах биш боловсруулах ёстой. Гэтэл бүтээгдэхүүнийг түүхийгээр нь гаргах хувийн компанийн ашиг сонирхол төрийн бодлогод тусч, Хятадын эрх ашгийг агуулсан MCS компанийн нөлөө хоёр намаар дамжин орж ирсэн гэж Х.Баттулга мэдэгдлээ. Энэ компанийн эрх ашгийг төрийн бүх бодлого, шийдвэр тусгаж ирсэн. Үндэсний язгуур эрх мартагтаж, нэг л компанийн эрх ашгаар Засгийн газрын бодлого тодорхойлогдох болсон гэж тэрбээр хатуухан мэдэгдлээ. Байдал ийм болж байхад хамтарсан Засгийн газарт намаа оръё гэж уриалж байсан намын дарга маань гэрээгээ хэрэгжүүлэх талаар огт хөдлөөгүй гэв. Өнөөдөр болж байгаа Засгийн газрын хуралдаанаар л гэхэд MCS компанийн оруулж ирсэн тогтвортой байдлын гэрээг 70 жилээр хийх асуудлыг хэлэлцэх гэж байна гэв.

Х.Баттулгын үгийг олон нийт чухалчлан хүлээж байсан. Учир нь өнөөдрийн хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам яагаад гарах болсныг бодитой илчилнэ гэж найдаж байсан. Тэрбээр ҮЗХ-ны хурлын үеэр өнөөгийн Засгийн газрын үнэн төрхийг илчлэхийг оролдож, яагаад цаашид Засгийн газарт хамтран ажиллах боломжгүй болж байгааг тайлбарлалаа.

ЗТБХБ-ын сайд Х.Баттулгын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

З.ОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж