Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Даян нуурын зусланд өвөлжиж өнжсөн болон удахгүй хаваржаа руугаа нүүдэл хийх малчдын хүсэлтийн дагуу тэнд хадгалаастай улсын нөөцөөс өвс тэжээл олгохыг зөвшөөрчээ. Түүнчлэн Даян нуураас гадна Булган, Дэлүүн, Бөхмөрөн зэрэг алслагдсан зургаан цэг дээр нөөцийн өвс тэжээл бий. Одоогоор тийм агуулахыг Алтай, Цэнгэл суманд байгуулах бэлтгэлээ базааж байна. Өнөөдрийн байдлаар тус аймагт нөөц хангалттай, малчид өөрсдөө ч гэсэн хадлангаа жил жилийнхээс ахиу бэлтгэсэн аж. Байгалийн гэнэтийн гамшиг тохиолдлоо гэхэд баруун гурван аймгийнханд зориулах өвс тэжээл Увс аймгийн Өмнөговь суманд, холгүй байна гэж аймгийн Аюулгүйн нөөцийн газрын дарга Ж.Аманжол ярилаа. Уут хорголжин тэжээл Өлгий суманд 11 мянган төгрөг, хамгийн алслагдсан Булган суманд тээврийн зардалтайгаа нийлээд 17500 төгрөгөөр малчид, мал бүхий иргэдэд борлогдох юм гэнэ. Өвс тэжээлийг тухайн айлын малын тоо толгойг харгалзан хуваарилдаг журамтай болжээ.
А.Зул