Иймээс шатахуун импортлогч компаниудын удирдлагаас “Шатахууны үнэ буурах уу. Аль эсвэл цаашид өсөх үү” гэсэн асуултад хариулт авлаа.
“Жаст Ойл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Баасанжав: Монголбанкнаас ам.доллар авах гэхээр байхгүй гэдэг
-Энэ удаагийн шатахууны үнийн өсөлт хоёрхон хүчин зүйлээс шалтгаалсан. Юун түрүүнд ОХУ боловсруулсан нефтийн экспортын үнээ нэмэгдүүлснээс үүдэлтэй. Үүнийг гадаад хүчин зүйл гэж ойлгож болно. Харин дотоод хүчин зүйл нь ам.долларын төгрөгтэй харьцах ханш өссөнтэй шууд холбоотой. Монголбанкинд өнөөдөр ам.долларын ханш 1433 төгрөгтэй тэнцэж байгаа. Харин арилжааны банк болон Найман шарга вальют арилжааны төвд 1470 төгрөг хүрч байна. Бид аль болох хямд үнэтэйгээр нь Монголбанкнаас ам.доллар авах гэхээр “Байхгүй” гэсэн хариулт өгдөг. Цаашид ам.долларын ханш, ОХУ-ын хилийн экспортын татвар буурвал шатахууны үнэ багасаж болно. Гэхдээ нэг хэцүү зүйл бий. Учир нь бид одоо өндөр үнээр авч байгаа шатахуунаа дараа нь үнэ хямдрахаар бол тэр хэмжээнд борлуулна гэж байхгүй. Учир нь өндөр үнээр авсан бүтээгдэхүүнээ дуусгаж байж л шинэ үнийн дүнгээр худалдана гэсэн үг. Манай компанийн хувьд одоогоор АИ-92 автобензиний нөөц бараг дууссан. А-80 автобензин 5-6, дизель түлш 14 хоногийн нөөцтэй байгаа.
“Петровис Холдинг” компанийн Олон нийттэй харилцах ахлах менежер П.Цэрэнням:
-Манай улсын шатахууны импортын зах зээл маш хязгаарлагдмал шүү дээ. Тийм учраас манай компани өөр ямар улсаас шатахуун нийлүүлж болох талаар арга зам судалж байгаа. Тухайлбал, БНСУ, Литва улсаас бүтээгдэхүүнээ авч эхэлсэн. Энэ удаагийн үнийн нэмэгдлийн гол шалтгаан нь ОХУ өнгөрсөн жил дотоодынхоо бичил үйлдвэрийг дэмжих үүднээс 60:66 гэсэн экспортын татварын шинэ систем нэвтрүүлсэн нь тус улсаас бүтээгдэхүүн импортлогч орнуудад хүнд цохилт болсон. Мөн дээрээс нь ам.долларын ханш өссөнтэй холбоотойгоор үнийн өсөлт бий болохоос өөр аргагүй байдал үүслээ. Дээрх хүчин зүйлүүдийг Засгийн газраас сайтар зохицуулж чадвал шатахууны үнэ буурах боломжтой. Гэхдээ бид үнээ буулгалаа гэсэн ч зах зээл дэх өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн бол дахин буурна гэж байдаггүй шүү дээ. Манай компанийн хувьд БНСУ-аас оруулж ирж байгаа шатахууныг туршиж байгаа. Бид өмнө нь “эко бензин” үйлдвэрлэж байсан. Энэ төрлийн шатахууныг III зэргийн спирт, шатахуунтай найруулж гаргадаг юм. Гэтэл шатахууны импортын үнийг нэмчихээр уг бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломж хомосдчихлоо. “Ник Петровис” компанийн хувьд шатахууны нөөц одоогоор хангалттай байгаа.
“Сод Монгол” группийн Бизнес хөгжлийн газрын захирал Ч.Пүрэвренчин:
-Манай компанийн хувьд шатахууны үнийг бууруулах тал дээр бүх боломжийг судалж байгаа. Одоогоор 20 хоногийн нөөц бий. “Сод Монгол” групп Монголд нийлүүлж байгаа шатахууны 15 хувийг хангадаг. Шатахууны үнэ цаашид буурах боломж байгаа. Учир нь манай улс нефтийн нөөцтэй. Хамгийн гол нь боловсруулах үйлдвэрээ даруй барих хэрэгтэй байна. Түүнчлэн Засгийн газар нөөцийн шатахуунаа хангалттай авах хэрэгтэй. Монголд шатахуун нийлүүлж буй компаниуд бүгдээрээ хувийн хэвшлийнх. Тийм учраас төрөөс энэ компаниудаа дэмжих тал дээр илүү анхаарвал зүйтэй болов уу. Нөгөөтэйгүүр уул уурхайн олборлолт, автомашинтай болж буй иргэдийн тоо өдрөөс өдөрт өсөж байгаа энэ үед шатахууны эрэлт ихсэж, үнэ нь нэмэгдэх хандлага бий.
Мөн бусад шатахуун импортлогч компаниуд эдгээр хүмүүсийн яриатай утга нэг үг хэлсэн. Тэд цаашид шатахууны үнэ буурах боломж байгааг онцолсон. Хамгийн гол нь төрийн зохицуулалт хийх хэрэгтэйг дурьдсан юм.
"Улс төрийн тойм" сонин