Д.Лүндээжанцан: Үндсэн хууль бол Монгол Улсын хөгжлийн зам

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Д.Лүндээжанцан: Үндсэн хууль бол Монгол Улсын хөгжлийн зам

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай ардчилсан Үндсэн хуулийн талаар ярилцлаа.

-Ардчилсан Үндсэн хууль бат­лахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн хү­ний нэг бол та. Одоогоос 20 жилийн өмнө Үндсэн хууль батлахад олон асуудал үүсэж байсан нь тодорхой. Энэ тухайгаа ярихгүй юу?

-Үндсэн хууль бол Монгол Улсын хөгжлийн зам. Өөрөөр хэлбэл, ардчилал, зах зээлийн харилцааны хууль эрх зүйн суурь үндсийг тавьсан. Тиймээс Үндсэн хуулийг баталсан нь түүхэн ач холбогдолтой юм. Гэхдээ энэ бол нэг хүний түүх биш. Харин Монголын ард түмний хамтын бүтээл гэж үзэж болно. Ардчилсан хувьсгалын гол зорилго нь төрийн тогтолцоог өөрчлөх, нийгмийн байгуулалыг солих асуудал байлаа. Тухайн үед нийгмийн байгуулал, төрийн тогтолцооны өөрчлөлтийг эрс хийх нь амаргүй байв. Ийм үед чөлөөт, ардчилсан анхны сонгууль явуулж, Ардын их хурлыг байгуулсан юм. Энэ байгууллага нь Улсын Бага хурал болох байнгын ажиллагаатай парламентыг байгуулав. Уг парла­мен­тад “Үндсэн хуулийн төслийг бо­ловсруул” гэсэн үүрэг өгч байлаа. Ингээд ажлын хэсэг гаргаж, 1991 оны хавар Үндсэн хуулийн анхны төслийг боловсруулсан юм. Үүнийг улсын Бага хурал, дараа нь ард түм­нээр хэлэлцүүлсэн. Нийт 900 мянган иргэн оролцсоноос хоёр сая гаруй санал гарсан гэдэг.

-Эдгээр олон саналаас зөрөлдөх, бас санал нийлэх зүйл олон байсан болов уу. Чухам ямар санал хам­гийн их маргаан үүсгэж байв?

-Улсын Бага хурлаас өргөн барьсан хуулийн төслийг зарим заалт нь унаж, заримыг нь дэмжиж байлаа. Нэр томъёоноос авахуулаад олон зүйл дээр маргаж байсан юм. Энэ маргаан нь Монгол Улсынхаа хөгжлийн төлөө санаа зовниж буйгийн илрэл шүү дээ. Тухайн үед маш ажил хэрэгч саналууд гарч байв. Тухайн үед улсынхаа нэрнээс эхлээд л хэлэлцсэн. Тухайлбал, Монгол Улс аль эсвэл БНМАУ гэх үү гэх мэт. Улсын нэрэн дээр маргаж, хэлэлцүүлэг урагшаа явахгүй байхаар нь би “Бүгд найрамдах Монгол Улс гэж нэрлэе” гэсэн завсрын хувилбар гаргасан юм. Энэ санал дэмжлэг авсан хэдий ч эцсийн хэлэлцүүлэгт Монгол Улс гэхээр болсон. Мөн тухайн үед газар өмчлөл болон төрийн сүлдний асуудал дээр маргаан үүсэж байсан. Хамгийн их анхаарал татсан асуудал нь төрийн байгуулалт байв. Бага хурлын боловсруулсан төсөлд “Сонгуулийг гурван жил тутамд явуулна” гэж тус­гасан. Гэвч үүнийг дэмжээгүй. Харин парламент нэг танхимтай, дөрвөн жилийн хугацаатай байх хувилбарыг дэмжсэн. Түүнчлэн УИХ-ын гишүү­дийн тоо хэд байх талаар ярилцсан. Тэр үед 76, 110 гэсэн хоёр хувилбар дээр тунаж үл­дээд эцэст нь 76 гишүүнтэй бай­хаар тогтсон.  

-Та Үндсэн хуу­лийг өө сэвгүй бол­­сон гэж боддог уу. Одоогийн пар­ламент хуульд нэ­мэлт өөрчлөлт оруу­лах талаар са­наачлан боловс­руул­сан шүү дээ?

-Ер нь өө сэв­гүй хууль гэж бай­­даггүй. Хэсэг хү­мүүсийн са­наанд ний­­­цэж байхад за­римд нь таа­лагд­даг­­гүй. Монгол Ул­сын Үндсэн хууль бол хүн бүрт ха­маатай, дагаж мөр­­дөж, хүндлэн дээд­лэх ёстой хууль. Мон­голын хөгж­лийн чиг замыг заагч, хүний эрх, эрх чөлөөний ба­тал­гаа нь юм. Энэ утгаараа түүхэн үүрэг гүйцэтгэсэн хууль. Нийгмээ да­гаад аливаа зүйл өөрчлөгддөг учир Үндсэн хуулийг боловсронгуй бол­гох асуудал бий. Миний бодлоор 20-30 хувиас илүү өөрчлөлт оруулах хэрэггүй болов уу. Учир нь манай Үндсэн хууль олон улсын жишигт нийцсэн хууль болохоор үндсэн зарчмуудыг өөрчлөх ёсгүй юм.    

-Ардын намын дарга С.Батболд хоёр танхимтай парламенттай байх санал гаргаж байсан. Хуучин Бага хурал шиг парламенттай байх нь хэр оновчтой юм бол?

-Эерэг, сөрөг тал бий. Төрийн тогтолцоо Монгол Улсын хөгжлийг саа­туулагч нь болох ёсгүй. Гэх­дээ өнөөдрийн тогтолцоо ийм саа­туулагч болсон уу гэвэл би хүлээн зөвшөөрөхгүй. Харин боловсронгуй болгож, засах зүйл бий. Улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө пар­ламентын цогц шинэчлэлийг тусгах байх гэж бодож байна. Энэхүү шинэч­лэл нь Үндсэн хуулийг орвонгоор нь өөрчлөхийн нэр биш.

-УИХ-ын гишүүдийг 99 болгох тухай ярьж байсан. Ингэж нэмэх нь тохиромжтой юу?

-Гишүүдийн тооны талаар 21 жи­лийн өмнө ярилцаж байлаа. Тухайн үеийн хүн амын тоо 76 гишүүнтэй таарч байсан. Харин бусад улсын жишгийг үзэхэд гурван сая хүнтэй улсын парламент нь 100 орчим ги­шүүнтэй байдаг. Манай улс хүн амынхаа тоонд харьцуулахад хам­гийн бага гишүүнтэй парламент болж байгаа юм. Ер нь гишүүдийн тоо олон болох тусам үндэсний аюул­гүй байдлын дархлаа сайжирна гэж үзэж байна.

-“Үндсэн хуульд олон удаа гар дүрэх нь аюултай” гэж хуульч, судлаачид үздэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Би санал нийлдэг. Бодлогогүй олон удаа гар хүрч болохгүй. Эхлээд 10, 20 өөрчлөлт ярьж болно. Эдгээр өөрчлөлтөөс хоёр нь тунаж болно шүү дээ. Жишээ нь “Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүн байна” гэсэн заалтыг олон жил ярилаа. Иймээс уг заалтад өөрчлөлт оруулж болох юм. Одоогийн парламентын хувьд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хугацаа нь өнгөрсөн. Тийм учраас дээрх заалтыг ердийн хуульдаа өөрчлөлт оруулахаар ярилцаж байна.  

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж