Улс төрийн дуран ”Женко” Х.Баттулга руу чиглэлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Улс төрийн дуран ”Женко” Х.Баттулга руу чиглэлээ

Хамтарсан Засгийн газраас гарч, С.Батболдын багийнхны эсрэг тоглохоо мэдэгдсэн Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг өнөөдөр намынхантайгаа нанчилдана. Өөрөөр хэлбэл, намаа, бас нөхдөө Тэргүүн шадар сайдын суудлаар “арилжсан” тэрбээр нэр хүнд нь унаж, сөрөг хүчний имиж нь бүдгэрсэн улс төрийн хүчний тэргүүн хэвээр үлдэх эсэхээ Үндэсний зөвлөлдөх хороогоороо шийдүүлэх юм. Ардчилсан нам дахь засаглалын эрхийн төлөөх энэхүү тулаанд Н.Алтанхуяг “Алтангадас”, “Кроун”, “Нэг ардчилал”-ынхныг удирдан оролцох бол талбайн нөгөө талд “Женко” Х.Баттулга тэргүүтэй МоАХ, З.Энхболдоор удирдуулсан Ардчилсан хүчний холбооныхон бий. Харин үүнийг задалбал Ардчилсан намын даргын хяналтад Увсынхнаар удирдуулсан хэдхэн фракци, “Женко” Х.Баттулгын талд МоАХ-оос гадна Ардчилсан хүчний холбоо, түүнийг бүрдүүлдэг МҮДН, “Зүүн хойд Ази”-ийнхан, бас соцдекүүд байна. Тэгэхээр өрсөлдөгч хоёр эрхмийн хувьд хүчний харьцаа хол зөрүүтэй байгаа биз. Намын Гүйцэтгэх зөвлөлд “Алтангадас”-ынхан жин дардаг бол Үндэсний зөвлөлдөх хорооны 228 гишүүний олонхи нь МоАХ, Ардчилсан хүчний холбооныхон билээ.

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж, их хурлаа ойрын үед хуралдуулах талаар хэлэлцжээ. Гэвч Н.Алтанхуягийн эсрэг фракцийнхан үүнд нэг их ач холбогдол өгсөнгүй. Тэд “Үндэсний зөвлөлдөх хороогоороо гол асуудлыг шийдье. Хамтарсан Засгийн газраас гарч, Н.Алтанхуягийг намын даргын албанаас огцруулъя. Но-ийн хүүгийн но-г дэлгэсэн шиг дэлгэцгээе” хэмээн үзэж байгаа юм. Гэхдээ Ардчилсан намын нэр хүнд, сөрөг хүчний имижийг өргөж, ирэх сонгуульд удирдан оролцох эрхэм хэн гэж. “Женко” Х.Баттулга уу, З.Энхболд уу. Аль эсвэл намын дарга болохын төлөө амбицалж яваа УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Л.Гантөмөр нарын нэг нь үү. Энэ асуулт тэдний дунд багагүй зөрчилдөөн үүсгэжээ. Нэг хэсэг нь “З.Энхболд багаар ажиллахдаа маруухан. Ардчилсан хүчний холбоог тэргүүлж, Н.Алтанхуягийг огцруулахын төлөө ганц, хоёрхон удаа богино зайны тоглолт хийснээс өөр зүйлгүй. Тэгээд ч мань эр зуумтгай, бас ойворгон зантай” гэлцэж буй бол нөгөө хэсэг нь “Н.Алтанхуягийг намын дарга хэвээр үлдээж яавч болохгүй. Олон нийт түүнийг хамтарсан Засгийн газрын Тэргүүн шадар сайдын дүрээр гурван жилийн туршид харсан. Хүмүүсийн нүдэнд дассан энэ имиж нь намд халгаатай” гэж байна. Тиймээс тэд Ардчилсан намын хувь заяаг хэрхэн шийдэхээ ганцхан хүн дээр төвлөрч хэлэлцэх нь тодорхой боллоо. Мэдээж хэрэг, тэр эрхэм бол Х.Баттулга. Хэдийгээр тус намын зарим лидер “Намын даргад хариуцлага тооцох эсэхийг сонгуулийн дараа шийднэ” гэж намын дүрэмд заасан. Тийм учраас УИХ-ын 2012 оны сонгуулиас өмнө даргаа өөрчилж болохгүй” гэсэн байр суурьтай байгаа ч Ардчилсан намынхан Н.Алтанхуягт хасах, “Женко”-д нэмэх оноо хэдийнэ өгчихөөд байна.

Сонгууль угтсан улс төр, эдийн засгийн шинж чанартай тоглолтуудыг Ардын нам, Ардчилсан намынхан хамтарч биш, сөргөлдөж хийнэ. Улс төр дэх МАНАН нэгдэл задарч, АНА-МАНА болсон учраас Н.Энхбаяр, М.Энхсайхан нараар удирдуулсан эвслийн имиж бүдгэрэх нь гарцаагүй. Нэгэнт МАНАН хэмээх том барьцгүй болсон учраас хоёр “Э” нэг хэсэгтээ ажиглагчийн суудалд сууж, хааяахан хооронд нь “Хор” цацах биз. Харин Ардын намынхны урьдчилан төлөвлөсөн тоглолт хэр бүтэлтэй байх бол. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг засгаас гарах мэдэгдэл хийхтэй зэрэгцэн эрх баригчид “Ардчилсан намынхан хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнээс гарч байгаа нь тун гэнэн үйлдэл. Тэд бидний эсрэг улс төрийн акци зохион байгуулдаг юм гэхэд эдийн засгийн хувьд хүчгүйднэ” гэж тооцоолсон нь бодит байдал дээр хэрэгжих болов уу, яах бол. Энэ асуултын хариулт ч бас ганцхан цэгт төвлөрнө. Товчхондоо, дуран авай “Женко” Х.Баттулга руу чиглэж байна. Тийм ээ, эе эв нь алдарсан Ардчилсан намынхныг нэгэн дээвэр доор зангидаж, улс төр, эдийн засгийн хувьд тогтвортой байлгах голлон тоглогч нь яах аргагүй энэ эрхэм юм. Тэгээд ч Ардчилсан нам дахь фракциудын дунд нэгдэх үйл явц эрчимтэй өрнөж байна шүү дээ. Н.Алтанхуяг тэргүүтэй “Алтангадас”-ынхан намын даргын суудлыг алдлаа гэхэд энэ нэгдлийн гадна үлдэж чадахгүй. Тэд намын болон хувь улстөрчийн эрх ашгийн үүднээс өрсөлдөгч фракциудтайгаа гар барилцан ирэх сонгуульд оролцох нь тодорхой. Ямартай ч Ардчилсан намынхан хувь заяагаа хэнд даатгахаа өнөөдөр шийднэ.       

С.Баттулга

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж