Үндсэн хууль батлалцсан депутатуудад хүндэтгэл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Үндсэн хууль батлалцсан депутатуудад хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд тухайн үед АИХ-д нийслэлээс сонгогдон ажиллаж байсан депутатуудаа нийслэлийн удирдлагууд хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

76 хоног төрийн ордондоо хуралдан, Үндсэн хуулиа баталж байсан депутатуудаас эдүгээ 312 нь сэрүүн тунгалаг байгаа юм. Тухайн үед хотоос 52 депутат сонгогдож байснаас өнөөдрийн уулзалтанд 37 хүн хүрэлцэн ирлээ. Тэдний дунд Гандан хийдийн тэргүүн хамба, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолчоос авахуулаад Элчин сайдуудаар ажиллаж байсан, бүр Монгол Улсын Ерөнхийлөгчид хүртэл өрсөлдөж явсан хүмүүс байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр анхны ардчилсан Үндсэн хуулийг батлахад гар бие оролцон, дахин давтагдашгүй түүхэн үйл явдлын гэрч болсон шилдэг сэхээтнүүддээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөгөөд, цаашид ч улс эх орныхоо төлөө ихийг хийж бүтээнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ. Хотын удирдлагууд хүндэтгэл үзүүлж, халуун дулаан, элгэмсүү уулзалт зохион байгуулсанд “Үндсэн хууль” өлгийдөлцсөн депутатууд тун сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд тухайн үед хотынхоо нарийн ширийн асуудлуудын талаар ойлголт бага байснаас үүдээд дутуу дулимаг хийсэн зүйл байж болох ч одоогийн хотоос сонгогдсон гишүүд нийслэлийнхээ эрх зүйн орчинг сайжруулах талаар их зүйлийг хийнэ гэдэгт итгэж буйгаа хэлж байсан юм.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж