Өнгөрсөн амралтын өдрүүд их “сонирхолтой” өнгөрлөө. Баасан гарагийн орой бензины үнэ 300 төгрөгөөр нэмэгдэх сураг сонсогдоод явчихав. Энэ мэдээлэлтэй зэрэгцээд шатахуун түгээх станцуудад /ШТС/ бензин авахаар дараалал үүсгэх машинууд огцом нэмэгдэв. Зарим жипнүүд дарааллын голоос орж бусадтай муудалцана. Дараалалд зогсоод бензин авч чадахгүйгээ мэдсэн зарим нэг жолооч нар дараагийн ШТС-руу хурд хэтрүүлэн давхина. Бямба гарагийн өглөө бензиний үнэ үнэхээр нэмэгдсэн байв. Бензиний үнэ нэмэгдэхийг мэдээгүй жолооч нар нь ШТС-ын түгээгч нартай дэмий л хэрүүл үүсгэнэ. Заримынх нь бие нь эвгүйрхэж, гуйвж дайвж байгаа царайг ч олж харав. Ингээд бямба гарагт нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвд 09.00 цагаас 17.00 цагийн хооронд дуудлага хэр байсныг сонирхов. Ямартай ч тус төвийнхөн найман цагийн дотор 1100 гаруй дуудлага хүлээн авсан байна. Үүний 186 дуудлагад нь хүрч очиж, иргэдэд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн гэсэн мэдээлэл байна. Ирсэн дуудлагын дийлэнх хэсгийг зүрх өвдсөн, даралт ихэссэн гэх шалтгаан эзэлж байгаа юм. Ер нь ажлын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд 500 орчим дуудлага бүртгэгдэж, 120-130 орчим хүнд түргэн тусламж үзүүлдэг гэж байгаа. Баяр ёслолын үед дээрх тоо өсөөд, өсөөд 150 орчимд хүрдэг гэсэн. Тэгэхээр өнгөрсөн бямба гараг яах аргагүй хүмүүсийн бухимдал дээд цэгтээ хүрсэн өдөр байжээ. Бүтэн сайн өдрийн хувьд ч ялгаагүй ачаалал их байсан байна. Бензины үнэ өсөж, тэр хэрээрээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшид нөлөөлж, хүмүүсийн гар дээрх мөнгө бараа худалдан авч чадахгүй болохын цагт хүмүүсийн бухимдал дээд цэгтээ хүрч бие нь тавгүйрхсэн гэж ойлгохоор байна. Мундаг сайн гэгдэх эдийн засагчдын хэлж байгаагаар одоо төр засаг ямар ч арга хэмжээ авсан үр дүн нь ирэх аравдугаар сард л гарч эхэлнэ гэж байгаа. Тэгэхээр Яаралтай түргэн тусламжийн төвийнхөн яг л бямба гарагийнх шиг ачаалал ихтэй байж мэдэхээр байна. Улстөрчид үнийн өсөлтийн гол буруутнаар нэг нэгнийгээ тодруулан “Хариуцлага тооцно” гэж байгаа ч энэ нь биелэх хүртлээ 100 жил болж ч мэднэ. Учир нь урд өмнө нь хариуцлага алдсан албан тушаалтан хариуцлагаа үүрээд явж байсан удаа тун цөөхөн, бараг нэг гарын таван хуруунд л багтана даа. Тэгэхээр бид энэ үнийн өсөлтийн эсрэг яаж ч чадахгүй бөгөөд дэмий л биеэ өвчлүүлж бухимдахаас өөрийг үл хийнэ. Яг яамаар ч юм, бүү мэд.
Б.Энхмөнх
"Улс төрийн тойм" сонин