Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Би хашгирмаар байна

Үнийн өсөлтөд дарлуулж, уурлаж, бухимдсан иргэд бослого гаргаж, өлсгөлөн зарлавал хамгийн эхний эгнээнд нь очиж зогсдог юм шүү. Үр дүнд хүрч чаддаггүй юм гэхэд “Ардын баатар” болно л биз. Яадаг юм. Талх 320 төгрөгөөр авдаг, автобусанд суухдаа 200 төгрөг төлдөг, такси нэг километр газарт 250 төгрөгөөр үйлчилдэг байсан үеийг бодоод би санаа алдаж хэсэг суулаа. “Юмны үнэ тэр үеийнх шиг болчихдоггүй юм байх даа” гэж мөрөөдөж хүртэл үзэв. Хүн сонсвол “Горьдов оо” гэх биз. Хүнд хэлэхээсээ иччихлээ, бүр.

Миний нэг танил нэгэн худал­дааны төвд лангуу түрээсэлж, хүнсний бүтээгдэхүүн зардаг, гур­ван хүү­хэдтэй, өрх толгойлсон эх. Би түүнтэй уулзаж үнийн өсөлт амьдралд нь хэрхэн нөлөөлж байгаа талаар ярилцсан юм. Яг үнэндээ бол зовлонг нь хуваалцсан гэх үү дээ. Уулзахаар зорьж очсон хүн маань санаа алдаж байна. Тэрбээр сард 300 мянган төгрөгөөр лангуу түрээсэлдэг ажээ. “Түрээсийн зард­лаа хасаад сардаа 1-1.5 орчим сая төгрөгийн ашигтай ажилладаг. Гурван хүүхэдтэй. Сарын зардал орлогоосоо хол давдаг” гэж байна. Ингээд бид хоёр гол яриандаа орсон юм. Тэрбээр “Би нэг бага оврын жийптэй” хэмээн яриагаа эхлэв. Цааш нь “Түүгээрээ бараа таваараа зөөгөөд, хааяа хүүхдүүдээ сургуульд нь хүргээд өгчихдөг. Уг нь шатахууны үнэ нэмэгдэхээс өмнө 68 мянган төгрөгөөр машиныхаа шатахууны банкийг дүүргэдэг байлаа. Долоо хоногт 2-3 удаа бараагаа татдаг. Авсан шатахуун маань ч яг долоо хоногтоо хүрэлцдэг. Харин одоо А-92 шатахууны үнэ нэмэгдээд 1820 төгрөг болчихлоо. Өчигдөр /уржигдар/ өглөө 80 мянган төгрөг төлж байж банкаа арайхийн дүүргэлээ” хэмээн ярив. Энэ хооронд би зүгээр суусангүй ээ. “Сардаа 350 мянга орчим төгрөгөөр шатахуун авна. Зардал нь л гэхэд сард 50 орчим мянган төгрөгөөр нэмэгдэх юм байна” гэдгийг тооцоолсон юм. Бас болоогүй. Сардаа дулаан гражид 110 мянган төгрөг төлдөг ажээ.  Тэрбээр дараа нь “Өдөрт дор хаяж нэг талх, нэг гурилан идэх юм авдаг. Ойролцоогоор 2500 төгрөг зарцуулдаг” гэв. Түүний ажилладаг худалдааны төв дээр гурил ху­далдаалдаг хүмүүс барааныхаа үнийг 50-100 төгрөгөөр нэмчихэж. Үүнийгээ мөн л шатахууны үнийн өсөлттэй холбон тайлбарлаж байна. Одоогоор гурилын үйлдвэрүүд үнээ нэмээгүй байгаа. Гэсэн ч гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газрууд машинаар гурилаа авчирч, дараа нь бүтээгдэхүүнээ машинаар тараадаг гээд бодохоор талх, нарийн боовны үнэ яалт ч үгүй нэмэгдэх нь ээ. Тэгэхээр өдөрт 2500 төгрөгөөр гурилан бүтээгдэхүүн худалдаж авдаг үе ч төгсгөл болно гэсэн үг. “Дор хаяж 500 төгрөгөөр нэмэгдэнэ гээд бодвол үүнд зарцуулах зардал сард 15 мянган төгрөгөөр нэмэгдэх нь” хэмээн бид хоёр тооцооллоо. Цааш нь ярих тусам хэн, хэний маань хөмсөг өөрийн эрхгүй зангирч байв. Энд зөвхөн өдөр тутамдаа хэрэглэдэг бараа, бүтээгдэхүүний үнийг үндэслэн тооцоо хийж байгааг энд онцолъё.

Би “Мах авахад зарцуулах мөнгө хэр зэрэг нэмэгдэх вэ” гээд түүн рүү харлаа. Тэрбээр “Энэ чинь л гол асуудал болж байна” гээд “Нэг килограмм махаар гурван өдөр хоол хийдэг байх. Хэмнээд, хэмнээд шүү дээ. Ихэвчлэн үхрийн мах худалдаж авдаг. Одоо арай хямдаар нь ямааны мах авч байдаг юм уу, яадаг юм” гэлээ. Худалдааны төв дээр үхрийн цул махыг 7500 төгрөгөөр, хонины цул махыг 6200 төгрөгөөр, ямааны махыг 4500 төгрөгөөр зарж байлаа. Сард 10 кг үхрийн мах авбал 75 мянган төгрөг болох нь. Энэ бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний ердөө тал хувь нь. Тиймээс тоо бодох зуураа “Үүнээс бага орлоготой хүмүүсийн хувьд байдал бүр хэцүү болж байгаа даа” хэмээн бусдадаа санаа зовлоо. Шатахууны үнэ нэмэгдэхээс өмнө тус худалдааны төв дээр нэг кг үхрийн 5600 төгрөгийн үнэтэй байж л дээ. Тэгэхээр үнэ нь өссөнийг тооцолгүйгээр үхрийн мах авсаар байвал сард өмнөх сарынхаас 19 мянган төгрөг илүү зарцуулах хэрэгтэй болжээ. Гадаадаас оруулдаг гахай, тахианы махны үнэ монголчуудын өдөр тутамдаа хэрэглэдэг үхэр, хонь, ямаа, адууны махнаас хямдхан байх юм. Тодруулбал, үнэ нь 500 төгрөгөөр нэмэгдсэн ч нэг кг тахианы гуя 4000 төгрөг, мөч нь 4500 төгрөгийн үнэтэй байна. Тиймээс “Хааяа тахианы мах идэж байвал зүгээр юм” хэмээн бид  ярилцлаа. Түүнтэй ярилцах зуур том хүү нь бидэн дээр ирсэн юм. Одоо 23 настай том хүү нь гар утасны сэлбэг зардаг бөгөөд “Сэлбэгийн үнэ 100-200 төгрөгөөр нэмэгдчихсэн байна. Би ч гэсэн үнээ нэмэхээс” хэмээн хошуу нэмэрлэв. Харин дунд охин нь МУБИС-ийн гуравдугаар дамжаанд, бага охин нь ахлах сургуульд сурдаг аж. Дунд охин нь саяхан л “Би Хүний хөгжил сангийн 21 мянган төгрөгөө сар бүр авна. Дээр нь 70 мянган төгрөгийн оюутны тэтгэлэг авна. Хоол, дэвтэр, ном, ойр зуурын хэрэглээгээ өөрөө болгоод байна” гэж байсан бол энэ долоо хоногоос амаа барьж эхэлжээ. Наанадаж сургуулийнх нь ойролцоо байдаг зоогийн газрын хоолны үнэ нэлээд хэдэн зуун төгрөгөөр нэмэгдэнэ гэдгийг тооцоолоод тэр шүү дээ. Энэ дөрвөн ам бүл Хүний хөгжил сангаас сар бүр 84 мянган төгрөг авдаг гэнэ. Шатахуун, мах, гурилан бүтээгдэхүүнд зарцуулах тэдний мөнгө нь л ийнхүү 100 орчим мянган төгрөгөөр нэмэгдэх нь гэсэн тооцоог бид хамтдаа гаргасан юм. Үүнээс цаашхыг нь бодох гэсэн ч толгой өвдөөд нэг л болсонгүй. Хашгирмаар санагдлаа. Би тэдэнд үнийн өсөлтийг эсэргүүцэж  бослого гаргавал хамгийн түрүүнд очих бодолтой байгаа талаараа хошигнон хэлэхэд “Бид ч гэсэн нэгдэнэ ээ” гэж үнэн голоосоо хэлж билээ.

Нэг онигоо байдаг даа. “Японы Ерөнхий сайд “Манай улсын дундаж иргэн 5000 ам.долларын цалин авдаг ба сарын хэрэглээндээ 3000-ыг нь зарцуулдаг. Үлдсэнийг нь юунд зарцуулах нь манай Засгийн газарт хамаагүй” гэжээ. Харин Монгол Улсын  Ерөнхий сайд “Манай улсын дундаж орлоготой иргэн 300 ам.долларын цалин авдаг ба сарын хэрэглээндээ 600 ам.доллар зарцуулдаг. Үлдсэнийг нь яаж олдог нь бидэнд хамаагүй ээ” гэж.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж