ҮЗХ-ны хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

ҮЗХ-ны хуралдаан эхэллээ

АН-ын ҮЗХ-ны 35 дугаар хуралдаан 11.00 цагт эхэллээ. Хурлыг АН-ын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, нийслэлийн АН-ын дарга Ш.Түвдэндорж нараар удирдуулахаар АН-ын Гүйцэтгэх зөвлөл шийдвэрлэжээ.

Эхлээд АН-ын дарга Н.Алтанхуяг хэлэлцэх асуудлын дарааллыг танилцууллаа. Дарааллаар бол ҮЗХ, Гүйцэтгэх зөвлөлд шинээр сонгогдсон хүмүүсийн бүрэн эрхийг баталгаажуулах, АН-ын даргын илтгэлийг сонсох, Засгийн газрын танхимын зургаан гишүүн сайдын товч тайланг хүн бүр таван минутаас дээшгүй хугацаанд танилцуулах, Хамтарсан Засгийн газраас гарах тухай улс төрийн шийдвэр гаргах зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.

Гэвч АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягаар хурал даргалуулах нь зохимжгүй гэсэн саналыг ҮЗХ-ны гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга гаргаж санал хураахад гишүүдийн дийлэнх Н.Алтанхуягаар удирдуулъя гэсэн юм. Гэвч ҮЗХ-ны гишүүн Д.Баттулга тооллогын комисс гаргахгүй бол ихэнх гишүүн аль ч талд гар өргөхгүй байна гэсний дагуу тооллогын комисс гаргахаар нэр дэвшүүлж эхэллээ.

Д.Баттулга, З.Энхболд нарын ҮЗХ-ны гишүүд ажлынхаа тайланг хэлэлцүүлэх гэж байгаа Н.Алтанхуяг хуралдаан даргалах боломжгүй гэж үзсэн юм. Мөн өчигдөр болсон Гүйцэтгэх хорооны хурлыг хуйвалдаан болсон гэх гишүүн ч байв. Ийнхүү АН-ын ҮЗХ-ны хурал эхнээсээ ширүүн уур амьсгалд болох шинж бүрдэв.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж