Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай Монгол улсын хуулийн үйлчлэх хугацаа энэ оны хоёрдугаар сард дуусгавар болно. Үүнтэй холбоотойгоор Дархан-Уул аймгийн хэмжээнд хичнээн хүн 2008 оноос хойш цагаатгагдсаныг бид тодруулсан юм. Дархан-Уул аймгийн хэмжээнд Цагаатгах ажлыг зохион байгуулах салбар комисс ажилладаг. Тэд өнгөрсөн хугацаанд 275 хүнд 270 сая төгрөгний нөхөн олговрыг олгожээ. 2011 оны хувьд хоёр хүнд нөхөн олговор олгосон гэх мэдээллийг ИТХ-аас өгсөн аж. Мөн өнгөрсөн онд хэлмэгдэгсдийн ач зээ нарт 260 мянган төгрөгийн тусламж үзүүлснийг дурдав. Дархан-Уул аймгийн хэмжээнд хүсэлт гаргасан 20 орчим хэлмэгдэгчийн материал олдохгүй байгаа ажээ. Ялангуяа буриад хүмүүсийн тухай, тэдний хэлмэгдсэн талаарх материал улсын төв архиваас ч олдохгүй байгаа учир ОХУ-аас авах ажлыг улсын комисс зохион байгуулах хэрэгтэй гэв. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн үр хүүхэд, ач зээ нар нь сэтгэл санааны хувьд асар их хохирол амссан. Нийгмээрээ гадуурхаж, сургуульд сурч, боловсрол эзэмших эрхийг нь хүртэл хязгаарласан гашуун түүх бий. Тиймээс нөхөн олговор гээд нэг сая төгрөг өгөөд орчихгүй, тэдэнд зориулсан халамжийн бодлогыг явуулах хэрэгтэй.
www.darkhan.org