“Mongolian open 2012” эхлэхэд бэлэн боллоо

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

“Mongolian open 2012” эхлэхэд бэлэн боллоо

Энэ онд манай улсад олон улсын статустай таван ч томоохон тэмцээн зохион байгуулах ажээ. Тэгвэл “Mongolian open 2012” тэмцээн эдгээрийн салхийг хагалж байна. Монголын чөлөөт бөхийн холбоо, “Женко” групптай хамтран өнгөрсөн жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа олон улсад нээлттэйгээр зохион байгуулсан билээ. Дэлхийн шилдгүүд хүрэлцэн уг тэмцээн энэ жил хүрээгээ тэлж ФИЛА-гийн соёрхолд багтаж “А” зэрэглэлтэй болсон байна. Ийн хоёр дахь удаагаа болох гэж буй уг тэмцээний талаар өчигдөр зохион байгуулагчид мэдээлэл өглөө. Тэмцээний зохион байгуулалт нэлээ өндөр төвшинд болно гэдгийг онцолж байна. Энэ сарын 14, 15-нд болох уг тэмцээнийг БТСГ, Монголын чөлөөт бөхийн холбоо, “Женко” групп, Үндэсний хөрөнгө оруулалтын банктай хамтран зохион байгуулахаар болжээ. Гурван хоногийн дараа эхлэх тэмцээнийг манай улсаас гадна Болгар, ОХУ-ын шүүгчид дэнсэлнэ. Красноярскийн алтан гранпри болон гуравдугаар сард болох олимпийн эрх олгох тэмцээний өмнөх томоохон сорил гэдгээрээ “Mongolian open” онцлогтой. “Тэмц, тэгээд ял”. Энэ бол тус тэмцээний уриа юм.

Түрүүлсэн тамирчин 3000 “ногоон” авна

Хоёр дахь удаагаа болж байгаа уг тэмцээний шагналын сан өнгөрсөн жилийнхээс нэмэгджээ. Тодруулбал 100 мянган ам.долларын шагналын сантай. Түрүүлсэн бөх 3000 доллартай харина. Харин хоёр, гуравдугаар байрт шалгарсан гурван тамирчин 1000-2000 доллар авах аж. Тиймээс уг тэмцээний нэр хүнд олон улсад нэлээд өссөн гэнэ. Зөвхөн мөнгөн шагнал ч биш. Алтан медаль авсан тамирчинд олгодог цомыг өнгөрсөн жил ирж оролцсон тамирчинд ихэд шохоорхсон ажээ. Үүнээс гадна жин тус бүрийн эхний 10 байранд оноо өгч багийн дүнг гаргахаар болсон байна. Цомыг эрэгтэй, эмэгтэй тамирчдын нийлбэр дүнгээр эхний гурван байрт шалгарсан багт өгөхөөр боллоо. Мөн эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг шилдэг тамирчныг шалгаруулж цом, дурсгалын зүйлс гардуулна. Энэ удаагийн тэмцээний мөнгөн шагналыг БТСГ дааж байгаа бол медаль, цомыг “Женко” группээс гаргах ажээ. Эцэст нь дуулгахад, олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн таван тамирчинд “Женко” группээс бяцхан сюрприз барих гэнэ.

Монголын дэвжээнд зодоглох дэлхийн хүчтэнүүд

Өнгөрсөн жил дэлхийн аварга Кларисиа Чун, Мариа Гомес тэргүүтэй шилдгүүд манай улсад ирж зодоглож байлаа. Тэгвэл энэ жил АНУ-ын бөх,  дэлхийн хошой аварга Кристи Дэвис, Кларисиа Чун, дэлхийн аваргын мөнгөн медальт Мик Задик, Тажикстаны бөх, олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Юсуп Абдулсаламов, дэлхийн аваргын хошой мөнгө, Европын гурван удаагийн аварга, ОХУ-ын шилдэг бөх Лориса Ооржак, дэлхийн аваргын мөнгөн медальт Азкай Лопез, дэлхийн аваргын хүрэл медальт Иное Яшико тэргүүтэй шилдгүүд “Mongolian open 2012” тэмцээнд хүч сорино. Тэгвэл манай улсаас дэлхийн аварга С.Батцэцэг, мөнгөн медаль О.Бурмаа, Б.Оюунсүрэн, Д.Отгонцэцэг, дэлхийн аваргын хошой хүрэл медальт О.Насанбурмаа, хүрэл медальт, гавьяат тамирчин Ц.Энхжаргал, Д.Нармандах, Б.Одончимэг, Азийн наадмын аварга Г.Мандахнаран, Г.Наранчимэг нарын тэргүүтэй шилдгүүд тэмцээндээ оролцохоор бэлтгэлээ базааж байна. Энэ удаагийн тэмцээнд гадаадаас 15 орны 120 орчим, манай улсаас 200-гаад тамирчин оролцохоор албан ёсны мэдүүлгээ өгчээ. Тамирчдын түрүүч энэ сарын 11-нд ирнэ.

Сэтгүүлчдийн ажиллах орчныг бүрдүүлнэ

Манай улсад болж буй олон улсын тэмцээн уралдаанд хэвлэл мэдээллийнхний ажиллах орчим тийм ч хангалттай биш байдаг. Тэгвэл “Mongolian open” тэмцээн энэ байдлыг эвдэх гэнэ. Өөрөөр хэлбэл хэвлэлийнхэнд зориулж тусгай суудал засч, үүнээс гадна интернэтэд холбосон өрөө гаргаж өгөх аж. Энэ нь сэтгүүлчдийн мэдээллээ шуурхай хүргэх нөхцлийг бий болгож байгаа зохион байгуулагчид дурдлаа. Тэмцээний үеэр хэвлэлийнхэнтэй нэлээд нягт хамтарч ажиллах бололтой.

57 кг-ын жингийн шилдгүүд хамтарсан бэлтгэлийг удирдах нь

Манай улсад болох “А” зэрэглэлийн тэмцээний энэ жилийн цар хүрээг хүрэлцэн ирж буй хүндэт зочид жинхэнэ утгаар нь илэрхийлж байгаа юм. 1980-аад оны дундуур ид мандаж явсан бөхчүүд дэлхийн шилдгүүд “Женко” группийн ерөнхийлөгч Х.Баттуулын урилгаар манай улсад зочлоод зогсохгүй хамтарсан бэлтгэлийг удирдахаар болсон байна. Шилдэг тамирчдын арга, туршлагаас бага гэсэн суралцах нь тамирчдын хувьд алтан боломж байх биз.

“Mongolia Open-2012”-д уригдсан хүндэт зочид:

ДАШТ-ий мөнгөн медальт, АНУ-ын нэрт бөх Кевин Даркус
1985 оны ДАШТ-ий мөнгө /57 кг/
Дэлхийн цомын хүрэл /52 кг/
1980 оны залуучуудын дэлхийн аварга /57 кг/
Олимпийн хүрэл медальт БНАСАУ-ын нэрт бөх Ким Ён Сик
1992 оны Барселоны олимпийн хүрэл медаль /57 кг/
1986 оны Залуучуудын дэлхийн аварга /52 кг/
1990 оны Азийн наадмын аварга /57 кг/
1988, 1991 оны Азийн аварга /57 кг/
ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Болгарын нэрт бөх Георгий Калтчев
1985 оны ДАШТ-ий хүрэл /57 кг/
1986 оны ДАШТ-ий мөнгө /57 кг/
1986 оны Европын аварга /57 кг/
1987 оны Европийн аваргын хүрэл медальт /57 кг/
Олимпийн хошой мөнгө, ДАШТ-ий мөнгөн медальт, Ираны нэрт бөх Махоммадиани Аскари
1988 оны Сөүлийн олимпийн мөнгө /57 кг/
1992 оны Барселоны олимпийн мөнгө /62 кг/
1989 оны ДАШТ-ий мөнгө /57 кг/
1978 оны Азийн наадмын мөнгө /57 кг/
1982 оны Азийн наадмын алт /57 кг/
1983 оны Азийн аварга /57 кг/
1989 оны Азийн аваргын мөнгө /57 кг/
Олимпийн аварга, Дэлхийн хошой аварга, Кубын алдарт бөх Алехандро Пуэрто
1992 оны Зуны олимпийн наадмын алтан медаль /57 кг/
1990 оны ДАШТ-ий алтан медаль /57 кг/
1988, 1994  оны “Дэлхийн цом”-ын тэмцээний мөнгөн медаль /57 кг/
1989, 1993 оны  “Дэлхийн цом”-ын тэмцээний хүрэл медаль /57 кг/
Пан Америкийн наадмын алт, мөнгө, хошой хүрэл медаль
Пан Америкийн аваргын дөрвөн алт, нэг мөнгөн медальт /57 кг/
Олимпийн аварга, дэлхийн зургаа, Европын таван удаагийн аварга, ЗХУ-ын гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Сергей Алексеевич Белоглазов
1980 оны олимпийн аварга /57 кг/
1988 оны Зуны олимпийн Алтан медаль /57 кг/
1981-1983, 1987 оны ДАШТ-ий алт, 1979 оны ДАШТ-ий мөнгөн медаль /57 кг/
1979 оны Бүх ард түмний спартакиадын аварга,
1979-1982 оны ЗХУ-ын аварга,
1979, 1982, 1984, 1987-1988 оны Европын аварга,
1981-1982, 1985-1986 оны “Дэлхийн цом”-ын тэмцээний аварга
Олимпийн аварга, дэлхийн хошой аварга, Японы алдарт бөх Хидеаки Томиями
1984 оны 3уны олимпийн наадмын алтан медаль /57 кг/
1978-1979 оны ДАШТ-ий алтан медаль /57 кг/
1981оны ДАШТ-ий хүрэл медаль /57 кг/
1982-1983 оны ДАШТ-ий мөнгөн медаль /57 кг/
1978, 1982 оны Азийн наадмын аварга /57 кг/
1988, 1991 оны ААШТ-ий аварга /57 кг/


Б.Болд: Стаbбулд түрүүлсэн тамирчдын мэдүүлэг ирээгүй байна


Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, гавьяат тамирчин Б.Болдтой ярилцлаа.

-2012 онд манай улсад болох анхны томоохон олон улсын тэмцээн нь “Mongolian open” болж байна. Тэмцээний бэлтгэл ажил хэзээнээс эхэлсэн бэ?

-Бэлтгэл ажил гурван сар орчим үргэлжилж байна. Одоо бараг дуусах шатандаа орсон. Үндсэн бэлтгэл дуусч, жижиг ажлууд үлдсэн. Мөн зочид төлөөлөгч, тамирчдаа хүлээж авах л үлдлээ. Өнгөрсөн жил энэ тэмцээнийг зохион байгуулахад олон хүн ажилласан. Тэгвэл энэ удаа 100 гаруй хүн зохион байгуулалтад оролцож байна. Өндөр төвшинд бэлтгэгдсэн, шинэлэг зохион байгуулалттай сайхан тэмцээн болно гэдгийг хэлье.

-Энэ жилийн хувьд шинээр ямар орон ирж оролцож байна вэ?

-Ер нь бол 15 орон мэдүүлгээ өгсөн байна. Тажикстан, Казахстан тэргүүтэй хэд хэдэн орон анх удаа оролцохоор болсон.

-Анх ярьж байхдаа Станбулын ДАШТ-ээс алтан медаль авсан бөхчүүдийн бүх зардлыг дааж, тэмцээнд оролцуулна гэж байсан. Тэгвэл Станбулд түрүүлсэн аваргуудаас ирэхээр мэдүүлгээ өгсөн үү?

-Яг одоогоор Станбулд түрүүлсэн тамирчдын мэдүүлэг ирээгүй. Гэхдээ мэдүүлэг авах хугацаа арай л дуусгавар болоогүй байна. Энэ жилийн аваргууд ирэхгүй байсан ч тэднээс дутахааргүй нэр хүндтэй тамирчид зодоглож байгаа учраас тэмцээн нэлээд өрсөлдөөнтэй болно гэдэгт итгэлтэй байна.

-Хүндэт зочдын олонх нь 57 кг-ын жингийн бөхчүүд байх юм. Энэ ямар учиртай вэ?

-Тийм ээ. Энэ бол тэмцээний ерөнхий ивээн итгэгч “Женко” группийн ерөнхийлөгч Х.Баттуул хүсэлт юм. Тэрээр нэгэн үед дэлхийн дэвжээнд хамт зодоглож байсан найзуудаа урьсан хэрэг. Х.Баттуул ерөнхийлөгч 1980-аад оны дундуур 57 кг-ын жинд барилддаг, шилдэг бөхчүүдийн нэг байсан шүү дээ.

-Дэлхийн аварга С.Батцэцэг аль жинд зодоглох вэ?

-Жин өгсч 63 кг-д зодоглохоор бэлтгэл хийж байгаа.

-Д.Отгонцэцэг 48 кг-д барилдана гэж байсан. Үүнийг хэрхэн шийдсэн юм бол?

-Ямар ч байсан энэ удаагийн тэмцээнд өөрийнхөө жинд барилдана. Харин дараа нь сонгон шалгаруулалт болон олимпийн эрхийн тэмцээнд 48 кг-д барилдахыг үгүйсгэхгүй.

-Хүндэт зочноор ирэх гэж байгаа бөхчүүд тантай нэг үеийнх. Жин өөр боловч найзууд байх аа. Холбоотой байсан уу?

-Тийм ээ. Бид жин өөр ч сайхан найзууд л даа. Уулзаагүй удсан хүн олон бий. Заримтай нь байнга холбоотой байдаг. Тэмцээний дараа л сайхан уулзана даа.

Дөрвөн жил тасалдсан олон улсын тэмцээн сэргэлээ

Хагас зуун жилийн түүхтэй чөлөөт бөхийн олон улсын тэмцээн манай улсад нэг хэсэг тасалдаад байсан нь ийнхүү дахин сэргэж байна. Хамгийн анх 1967 онд Ах, дүү армиудын аварга шалгарлуулах тэмцээн манай улсад болж байсан. Энэ нь чөлөөт бөхийн анхны олон улсын томоохон тэмцээн аж. Мөн социалист орнуудын нийгмийг аюулаас хамгаалах байгууллагуудын нөхөрсөг тэмцээн жил бүр болдог байв. Тэгвэл үүний дараа 1972-1991 он хүртэл “Интернациональ” хэмээх томоохон тэмцээн зохион байгуулжээ. Тухайн үедээ оролцогчдын цар хүрээгээ нэлээд дээгүүрт тооцогддог байсан. Харин үүнээс хойш “Монгол говь” хэмээх алдартай тэмцээнийг 1992-2004 оны хооронд жил бүр зохиосон. Хамгийн сүүлд 2006, 2088 онд Ерөнхийлөгчийн цомын тэмцээнийг зохион байгуулснаар өнгөрсөн жилийг хүртэл манай улсад олон улсын статустай чөлөөт бөхийн тэмцээн болсонгүй. Харин энэ байдлыг “Женко” групп сэргээж “Mongolian open” тэмцээнийг уламжлал болгон явуулж эхэлсэн нь энэ.

Б.Мөнхзул
Эх сурвалж: “Спортын шуудан”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж