Малын бүртгэл мэдээллийн нэгдсэн сантай болно

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Малын бүртгэл мэдээллийн нэгдсэн сантай болно

“Монгол мал” хөтөлбөрийн эцсийн зорилго нь чанартай, сайн үүлдрийн монгол мал бий болгоход оршиж байна. Цас их орохоор л хэдэн зуугаар үхэж хорогддог олон мал байхаасаа илүү үр өгөөж, ашиг шим сайтай, хатуу хахирыг даван туулах чадвартай цөөн тооны малыг малчид илүүд үзэх болсон юм. Гэхдээ монгол мал хөтөлбөр зөвхөн малд бус малчдад ч хамааралтай. Малчдын ур чадвар, мал маллах арга ухаанд суралцуулах, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэхэд зохих үр өгөөжөө өгөх учиртай.

Монгол мал Хөтөлбөрийн хоёрдугаар зорилтыг хангахын тулд малын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан, сүлжээг бий болгох ажил Дархан-Уул аймгийн Дархан, Шарын гол, Хонгор, Орхон сумдад амжилттай хэрэгжиж байна. Малын бүртгэлийн нэгдсэн сантай болсноороо олон сайн талтай гэдгийг малчид ч хэлж байна.Хулгайд малаа алдахаас сэргийлэхээс эхлээд тухайн мал бүрт гэрчилгээ олгогдож байгаа болохоор цаашид гарал үүслийн гэрчилгээ авна гэж хөөцөлдөхгүйгээр тэр гэрчилгээ нь тухайн малчны хотны мал гэдгийг илэрхийлэх үнэт цаас болох, мал бүр өөрийн гэсэн хувийн дугаартай болно гээд бүртгэл мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэхэд ач холбогдол их юм. Мал сүргийг хувийн дугаартай болгон бүртгэлжүүлж байгаагийн эхлэл бод малыг ээмэгжүүлэх ажил юм. Ингэснээрээ мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, эрүүл мэндийн тодорхойлох, бүртгэх, мэдээллэх, хянах тогтолцоог бий болгож, олон улсын жишигт нийцүүлэх зорилтыг Монгол мал үндэсний хөтөлбөр дэвшүүлжээ.

 Мөн малаа эрүүлжүүлэх ажлыг хөтөлбөрийн хүрээнд Дархан-Уул аймагт амжилттай хэрэгжүүлж байна. Монгол мал хөтөлбөрт тусгагдсан гол асуудал бол Монгол мал эрүүл байх тухай юм. Мах эрүүл байх нь зөвхөн экспортод гаргах асуудлаар биш, ард түмнийхээ хүнсний хэрэгцээг хангахад чухал ач холбогдолтой Тиймээс мал сүргийг эрүүлжүүлэх ажлыг эрчимжүүлж вакцинжуулж байгаагийн дээр зарим малд тандалт шинжилгээ хийж байгаа нь малчдын талархлыг хүлээгээд байгаа юм. Монгол мал хөтөлбөр бэлчээрийн зөв зохистой харилцаанд яахын аргаггүй анхаарах цаг болсон.

 Өдгөө нийт бэлчээрийн 70 гаруй хувь нь доройтсон. Нуур, цөөрөм, гол горхи хэдэн арван зуугаар ширгэж 30 хувь нь үгүй болсон. Түүнийгээ дагаад цөлжилт эрчимтэй явагдаж бэлчээрийн доройтол бүс нутаг бүрт нүүрлэсэн байна. Зөвхөн Дархан-Уул аймгийн хувьд гэхэд бэлчээрийн даацын хүрэлцээнээс шалтгаалж, Сэлэнгэ аймгийн Сайхан, Номгон, Зүүнбүрэн, Энх тал, Хушаат, Баянгол, Жавхлант, Мандал сумдад 281 өрхийн 51 мянган толгой малыг өвөлжүүлэхээр зохион байгуулалт хийжээ. Энэ мэтээр Монгол мал үндэсний хөтөлбөр Дархан-Уул аймагт амжилттай хэрэгжиж байна. Малаа эрүүлжүүлж, бүртгэл мэдээллийн нэгдсэн сантай болж байгаад малчид баяртай байгаа юм. Малчид мал аж ахуйг дэмжсэн төрийн шийдвэрүүд өнгөрсөн хугацаанд олон гарсан ч монгол мал хөтөлбөр шиг дайлайцтай арга хэмжээ болоогүйг мэргэжилтнүүд хэлж байна. Монголын төр хөдөө орон нутаг руу тэр дундаа малчид руу хандсан ажлын нэг нь малын удам зүйн өгөгдлийг боловсруулан мэдээллийн санг байгуулах үйл хэрэг юм. Ээмэг дэхь тэмдэглэгээг лазер технологиор арилахааргүй бичиж, тусгай төхөөрөмж ашиглан мэдээллийг таниулж мэдээллийн санг үүсгэх юм байна. Нэг үгээр хүнээр бол, бод мал паспорттай болж байна гэсэн үг. Малыг бүртгэх мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлснээр жинхэнэ утгаараа “мал төрийн хяналтанд байна гэсэн хууль хэрэгжих хөрс нь тавигдлаа. Түүнчлэн  малын ялгах таних тэмдэгтэй болсноор малын хулгай буурах, мах нядлах боловсруулах малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний хяналт зэргийг бүхэлд зохицуулах боломж бүрджээ.

 А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж