Жолооч нар аа, даатгуулаад марш!

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Жолооч нар аа, даатгуулаад марш!

“Тэнгэр” даатгал, “Ард” даатгал, “Түшиг” даатгал зэрэг дардсыг бөөрөндөө наасан  машиныг тойроод хүмүүс бүчжээ. Шалтгаан нь жолооч нар даатгуулах гэж байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхэлсэн нь энэ. Долоо хоногийн өмнөөс жолооч нар Авто тээврийн газрын үүдэнд ийнхүү олноороо ирэх болжээ.

Сурвалжлага хийхээр очсон тэр өдөр гадна нь бараг хүн байсангүй. Даатгалын компаниудын логог хадсан хэдэн машины, цөөн хэдэн хүн зогсоно. Бас жолооч нарт машинд нь хэрэгтэй аар саар зүйл зарчих санаатай  “наймаачид” ч байх аж. Ганц, нэг хүн тэдний гар дээрээс юм авч байгаа харагдав.

Өдрийн цайны цаг таарсан болоод ч тэр үү хүмүүс цөөхөн. Гэхдээ дотор байдал арай өөр байлаа. Цайны цаг дуусахыг хүлээсэн хүмүүс, хаанаас ямар бичиг баримт авахаа мэдэхгүй ийш, тийш хөлхсөн хүмүүс олон. “Хаанаас авахаа мэдэхгүй жаахан будилж л явна. Гэхдээ түрүүний залуугийн заасан өрөө рүү орвол болох байх аа. Зохион байгуулалт муу байгаа юм шиг санагдаж байна. Даатгуулахгүй бол авто замын хөдөлгөөнд оролцуулахгүй гээд байхаар нь ингэж мунгинаж явна” гэж Цэрэндорж гэж өөрийгөө танилцуулсан нэгэн ярьж байсан юм. Чухамдаа хэн нэгнийг хайсан, бичиг цаас барьж гүйсэн энэ өдрийнх шиг дүр зураг оны эхний долоо хоногоос л үзэгддэг болсон гэнэ. Зарим жолооч нарын ярьж буйгаар бол зарим нэг бичиг баримтыг буруу бүрдүүлснээс болон хариуцсан ажилтан нь байхгүй гэсэн шалтгаанаар хоёр, гурван ч удаа Авто тээврийн газрын үүдэнд эргэлдэж байгааг дуулгаж байсан юм.

Жолооч нарыг олноор нь цуглуулж басхүү бага зэрэг сандраагаад байгаа энэ даатгалын талаар товч өгүүлье. Даатгалын гэрээ байгуулснаар жолооч даатгалын баталгааг тээврийн хэрэгсэлд байнга байршуулан явна. Даатгалын гэрээ нь нэг жил хүртэл хугацаанд хүчинтэй бөгөөд даатгалын тохиолдол бүрт нэг удаа хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ А, В ангиллын тээврийн хэрэгслийн хувьд таван сая төгрөг, С, Д ангиллын тээврийн хэрэгсэлд 10 сая төгрөг байхаар тооцсон байна. Энэ нь даатгалын үнэлгээний доод хэмжээ ба даатгуулагч хариуцлагаа үүнээс өндөр үнэлэхээр даатгагчтай тохиролцож болох бөгөөд энэ тохиолдолд нэмэлт хэсгийг сайн дурын даатгалын журмаар даатгуулах боломжтой ажээ. Хэрвээ тухайн жолооч даатгалд хамрагдаагүй тохиолдолд хөдөлгөөнд оролцохыг нь хориглох журам үйлчлэх юм байна.

Гэвч даатгуулахаар ирсэн жолооч нар энэ заалтад дурамжхан хандаж байсан юм. “Даатгал гэдэг чинь ер нь тухайн жолоочийн хүсэх, эс хүсэхтэй холбоотой асуудал биз дээ. Энд заавал тэгэх ёстой, тэгэхгүй бол ингэнэ гэсэн сонин юм оруулах шаардлага байсан эсэхэд эргэлзэж байна” гэж Баянгол дүүргийн иргэн Д.Гантулга ярьж байлаа. Жолооч нарын ярьж байгаагаас үзэхэд энэ хүн л ганцаараа ингэж бодоогүй нь илт. Тэнд даатгалаа хөөцөлдөж байгаа бүх жолооч энэ талаар ам булаалдан ярьж байсан юм. Авто тээврийн газрын үүдэнд чамгүй олон жолооч цугларсныг нь харвал энэ ажилд идэвхтэй оролцоцгоож байгаа мэт. Харин бодит байдал дээр ямар байгаа талаар хүргэе.

“Ер нь хүмүүс идэвхтэй байна. Гэхдээ ихэвчлэн олон жил жолоо барьсан хүмүүс хүрч ирээд даатгалаа хийлгэж байгаа харагдсан. Залуус жаахан хойрго байна. Маш цөөхөн л харагдаж байгаа. УИХ-аас баталсан энэ хууль бол ер нь цаг үеэ олсон сайн хууль. Харин үүнд жолооч нар хангалттай хамрагдах хэрэгтэй. Даатгуулсан жолооч нарт тусгай наалт өгнө. Энэ нь даатгуулсан гэдгийг гэрчлэх юм. Хэрвээ үүнийг наагаагүй тохиолдолд хөдөлгөөнд оролцуулахгүй тухай хуульд заасан байгаа” гэж “Монгол Даатгал” компанийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн А.Оюунгэрэл ярьж байсан юм. Тэнд цугларсан жолооч нарын учрыг нь олохгүй байгаа нэг зүйл гэвэл чухам хэзээнээс хөдөлгөөнд оролцуулахгүй юм бэ гэсэн асуулт. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар бол ирэх 10 дугаар сар хүртэл Монгол Улсын хэмжээнд даатгалд бүрэн хамруулах ажил үргэлжилж, хэрэв даатгуулаагүй бол 2013 оны нэгдүгээр сараас хөдөлгөөнд оролцуулахгүй юм байна.

Олон улсын туршлагаас үзэхэд жолоочийн даатгал нь тээврийн хэрэгслийн өмчлөгч хариуцлагаа даатгуулах, эсвэл жолооч өөрийн хариуцлагаа даатгуулах гэсэн төрөлтэй байдаг аж. Манай улсын хувьд тээврий хэрэгслийн өмчлөгчийн болон жолоочийн хариуцлагыг даатгах холимог тогтолцоог хэрэгжүүлэхээр хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд даатгуулах,  мөн түүнчлэн мэргэшсэн болон С,Д ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс үл хамааран өөрийн хариуцлагаа албан журмаар даатгуулах үүрэгтэй байхаар зохицуулсан ажээ. Мөн даатгуулагч нь даатгагчаа сайн дураараа чөлөөтэй сонгох эрхтэй юм байна. Гэхдээ гадны туршлагаас харвал заавал даатгалд хамрагдахыг албаддаггүй ажээ. Хэрвээ даатгуулаагүй байгаад ямар нэгэн хэрэг зөрчил гаргалаа гэж бодоход нэлээд чанга хариуцлагыг хүлээлгэдэг юм байна. Манайхаас ялгаатай нь “заавал даатгуул” гэж хуульчилдаггүй.

Жолоочийн даатгалын сангийн хөрөнгийн эх үүсвэр нь жолоочийн даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа даатгагч бүрээс төвлөрүүлэх хөрөнгө, Жолоочийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд ногдуулсан торгуулийн 50 хувь, даатгалын сангаас хохирогчид олгосон нөхөн төлбөрийг буруутай этгээдээс буцаан нэхэмжилсэн нөхөн төлбөр, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын 10 хувь, даатгалын мэдээллийн санг төлбөртэй ашиглуулсны орлого, зээл, тусламж, хандивын орлого зэргээс бүрдэнэ гэдгийг албаны хүмүүс сануулж байсан юм.

Хэрвээ тээврийн хэрэгслийн өмчлөгч жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулаагүй тохиолдолд торгохоос гадна үзлэгт оруулах, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хориглох аж. Зөрчсөн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоочийн даатгалд даатгуулах хүртэл хугацаанд тээврийн хэрэгслийг тусгай хашаанд журамлах аж. Энэ заалтыг 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

Ямар ч байсан даатгах ажил Авто тээврийн газарт ид өрнөж байна. Эрхэм жолооч та заавал даатгалд хамрагдах ёстой. Эс бөгөөс хашаанд хоригдоно. Ирэх 10 дугаар сараас өмнө та даатгуулах ёстой л болж дээ.

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж