Чөлөөтийнхөнд эрх авах гурван тэмцээн бий

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөнд эрх авах гурван тэмцээн бий

“Лондон-2012” зуны XXX олимпийн наадам эхлэхэд 200 хоног үлдсэн тухай Лондонгийн олимпийн зохион байгуулах хорооноос өнгөрөгч даваа гаригт /2011.01.10/ мэдэгдлээ. Өнгөрсөн жилээс эхлэн олимпийн эрхийн төлөөх тэмцэл спортын талбарт өрнөж, Лондонг зорих тамирчид тив, тивээс сонгогдсоор байна. Долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 12-нд болох зуны олимпийн наадам спортын 26 төрөлд 302 багц медалийн эздийг тодруулна. Одоогоор Монголын тамирчдаас хөнгөн атлетик, байт харваа, буудлага, чөлөөт бөх, бокс гээд спортын таван төрөлд есөн тамирчин олимпийн зорих эрхтэй болоод буй билээ.

Олон улс, тив, дэлхий, олимпийн тавцанд гаргасан амжилтаар Монголын спортын түүхэнд тэргүүлэх хэмжээний үүх түүхтэй чөлөөт бөхийн тамирчдаас одоогоор О.Насанбурмаа /эмэгтэй, 63 кг/, Ж.Чулуунбат /эрэгтэй, 120 кг/ нар өнгөрсөн оны есдүгээр сард Туркийн Стамбул хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн эрхээ аваад байгаа. Бусад тамирчдын тухайд олимпийн эрх олгох гурван тэмцээн хүлээж байна.

Сануулахад, ДАШТ-ээс олимпийн жин тус бүрт зургаан тамирчинд, тодруулбал, алт, мөнгө, хүрэл медалийн эздээс гадна хүрэл медалийн төлөө барилдаж ялагдсан бөхчүүдэд олимпийн эрх олгосон билээ. Улмаар дэлхийн 26 орны 66 бөх олимпийн эрхтэй болсон юм. Эрх авсан орнуудаас АНУ-ын баг тамирчид хамгийн олон буюу найм, ОХУ-ын бөхчүүд долоо, Казахстаны тамирчид зургаан эрх авчээ.

Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /FILA/-ны олимпийн эрх олгох дүрмийн дагуу бөхчүүдэд дөрвөн үе шаттайгаар эрх олгоно. Эхнийх нь дээр дурдсан 2011 оны ДАШТ байсан бол хоёр дахь тив тус бүрт зохиогдох сонгон шалгаруулах тэмцээн юм. Гурав дахь тэмцээн ирэх дөрөвдүгээр сарын 27-29-нд БНХАУ-ын Тайюань хотноо, харин дөрөв дэх буюу олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн тавдугаар сарын 4-6-нд Финляндын нийслэл Хельсинк хотноо болно.

Лондонгийн олимпод чөлөөт бөхийн эрэгтэй төрөлд долоон жинд 133, эмэгтэйчүүдийн төрөлд дөрвөн жинд 72, цагаан хуудсаар дөрөв, нийт 209 бөх өрсөлдөх юм.

Монголын тамирчдын олимпийн эрх авах боломжтой гурван тэмцээнийг танилцуулъя.

Азийн сонгон шалгаруулах тэмцээн
Казахстаны Астана хотод ирэх гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 21-нд болох Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээнээс олимпийн жин болох эрэгтэй долоо, эмэгтэй дөрөв нийт 11 жингийн ангилалд эхний хоёр байрт шалгарсан тамирчдад буюу нийт 22 тамирчинд олимпийн эрх олгоно.

Олимпийн эрх олгох тэмцээн
БНХАУ-ын Тайюань хотод дөрөвдүгээр сарын 27-29-нд болох тус тэмцээнээс эрэгтэйчүүдийн долоон жинд медаль хүртсэн тамирчдад, харин эмэгтэйчүүдийн дөрвөн жинд эхний хоёр байр эзэлсэн тамирчдад олимпийн эрх олгоно. Тус тэмцээнээс нийт 36 бөх олимпийн эрхээ өвөртлөх юм.

Олимпийн эрх олгох тэмцээн
Финляндын нийслэл Хельсинк хотод тавдугаар сарын 2-6-нд олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн болно. Тус тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй нийт 11 жин тус бүрт эхний хоёр байр эзэлсэн буюу алт, мөнгөн медаль хүртсэн тамирчдад олимпийн эрх олгох юм. Нийт 22 бөх олимпийн наадамд оролцох эрхтэй болно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж