Татварын хөнгөлөлт эдэлсэн иргэдийн тоо өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Татварын хөнгөлөлт эдэлсэн иргэдийн тоо өсчээ

Татварын ерөнхий газар жил бүрийн өдийд иргэдэд хандаж татварынхаа хөнгөлөлтөд идэвхтэй хамрагдахыг уриалдаг. Зарим нь идэвхтэй хамрагдаж, баахан бичиг цаас болж гүйдэг юм шиг байгаа юм. Харин зарим нь өөрт нь огт хэрэггүй асуудал юм шиг хайнга, хөндий хандах, эсвэл элдвийн бичиг баримт бүрдүүлэхээс  цааргалаад энэ хөнгөлөлтөд хамрагдаж чаддаггүй гэнэ лээ.  Уг нь энэхүү татварын хөнгөлөлтөд хамрагдчихвал авсан зээлээ бага ч гэсэн төлчихөж болох гэсэн шүү.  Анх удаа орон сууц, хашаа байшин, үл хөдлөх хөрөнгө худалдан авсан болон  оюутны сургалтын зардлаар татварын хөнгө­лөлт эдлэх боломжтойгоос гадна энэ­хүү хөнгөлөлт эдлэхийг хүсч байгаа иргэдэд тавигдаж байгаа шаард­лагын нэг нь хүн амын орлогын албан татвар төлсөн байх шаардлагатай. Хэр их мөнгө хүн амын орлогын албан татварт төлнө тэр хэрээр татварын хөнгөлөлт эдлэх юм билээ. Зарим хүмүүс энэхүү татварын хөнгөлөлтийн учрыг төдийлөн сайн ойлгодоггүй. Хэр хэмжээний хөнгөлөлт эдлэх, ямар бичиг баримт бүрдүүлэх гээд үнийн өсөлт, өдрийнхөө ажилд дарагдаж яваа иргэдийн тувьд энэ асуудалд анхаарал хандуулах завгүй байдаг. Тиймээс энэ татварын хөнгөлөлтийн талаар тодорхой мэдээллийг хүргэе.

Иргэн Жаргал хувийн эмнэлэгт эмч хийдэг. Тэдний эмнэлэг ажилч­дынхаа даатгалыг  хэл амгүй сайн төлдөг учраас түүнд зээл, тэтгэмж авах татварын хөнгөлөлтөд хамрагдах эрх нь бүрэн нээлттэй. Тэрбээр өнгөрсөн онд  арилжааны банкнаас зээл аваад 62 сая төгрөгийн байр авсан байна. Байр авахдаа орон сууцны урьдчилгаа 30 хувь гээд 20-оод сая төгрөгийг банкинд тушаасан гэнэ. Эмч Жаргал хүн амын орлогын албан татварыг байнга төлдөг байсан учраас 30 хүртлэх сая төгрөгийн татвар ногдох орлогоос хөнгөлөлт эдлэх эрхтэй болж байна. Өөрөөр хэлбэл,  Жаргал эмч  таван  жилийн хугацаанд жилдээ нэг удаа 456 мянган төгрөгийн татвар төлж байсныхаа төлөө  үүнийгээ буцааж авах эрхтэй гэсэн үг юм байна. Татварын хөнгөлөлтөд хамрагдахыг хүсч байгаа орон сууцны зээлтэй нөхөд  доорх бичиг баримтыг бүр­дүүлэх хэрэгтэйг Татварын ерөнхий газар зөвлөж байна лээ. Татварын байгууллагын хөнгөлөлтөнд хамрагдахыг хүссэн өргөдөл

  • Хорооны засаг даргын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Татвар төлөгчийн иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  • Ажлын газар болон цалингийн тодорхойлолт
  • ҮХХ-ийн гэрчилгээ, байрны ордерийн хуулбар
  • Таны байрны худалдах, худалдан авах гэрээ
  • Байранд төлсөн мөнгөний баримт
  • ҮХХ борлуулсны 2 хувийн татвар төлсөн баримт
  • Танд зээл олгосон байгууллагын тодорхойлолт
  • Таны хадгаламжны дэвтэр, виза картны хуулбар байх хэрэгтэй юм байна.

Эдгээр бичиг баримтын бүгдийг нотариатаар батлуулсан байх шаардлагатай гэнэ лээ. Харин сургалтын зардлаар татварын хөнгөлөлтөд хамрагдахыг хүсвэл доорх бичиг баримтыг бүрдүүлээрэй.

  • Татварын байгууллагын хөнгөлөлтөнд хамрагдахыг хүссэн өргөдөл
  • Хорооны засаг даргын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Татвар төлөгчийн иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  • Ажлын газар болон цалингийн тодорхойлолт
  • Сургуулийн тодорхойлт
  • Виза картны хуулбар  зэргийг бүрдүүлч нотариатоор батлуулах хэрэгтэй гэнэ.

Хувь хүний  орлогын албан татварын тухай хууль 2007 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд хүн амын орлогын албан татварын тайлан жилд нэг удаа иргэд хуулийн дагуу гаргах ёстой гэнэ. Тиймээс ирэх хоёрдугаар сарын 1 гэхэд  иргэд тайлангаа гаргаж хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах  хэрэгтэй юм байна лээ. 2008 онд 16 мянга гаруй иргэн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаж байсан бол  2010 онд 32 мянган иргэн хамрагдаж 9,4 тэрбум төгрөгийн буцаан олголтоор авчээ. Хэрвээ та орон сууцны зээл 2012 онд  авлаа гэхэд тухайн ондоо багтааж  татварын хөнгөлөлтөд хам­раг­дах эрхтэй гэсэн. Орон сууцны зээл авсан тухайн ондоо багтаж татварын хөнгөлөлт эдэлж чадаагүй бол нөхөж олгохгүй юм байна.

Ж.Эрхэс
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж