МАН-ын “матрын нулимс”

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

МАН-ын “матрын нулимс”

Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарахдаа МАН-ыг байх учртай байранд нь үлдээж, эдлэх ёстой эрх барих эрхийг нь бүрэн бүтэн хүлээлгэн өгөв.
Уг нь зүй ёсны гэмээр энэ үйл явцад МАН гомдоод байх учир шалтгаан харагдахгүй боловч нүүр царай болсон удирдлагууд нь энд тэндгүй “нулимс” унагаж, нэгэн зэрэг харуусал илэрхийлээд байна. Үнэмшил муутай ийм харууслыг “матрын нулимс” гэж хэлдэг байх аа?!

Хамтарч Засгийн газар байгуулах өөрийнх нь санаачилсан алхмын үр дагавар болж, хэзээ нэг өдөр зайлшгүй өрнөх байсан үйл явцыг МАН бодитой үнэлж чадахгүй, барьц алдаж байгаа мэт харагдана. Үнэндээ МАН барьц алдаж сандраад байгаа биш харин ч Ардчилсан намд авсан барьцаа ахиулах гэсэн жүжиг, сонгосон дүр нь.

Ардын нам болоод Ардчилсан нам гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг хамтарч хэрэгжүүлэх онцгой шаардлага, нөхцөл байдал тухайн үед үүсээд байсныг иргэд, сонгогчид ухамсарласан учраас тэдний хамтарсан Засгийн газрыг хууль бус гэж эсэргүүцээгүй юм. Иргэдийн эрүүл ухамсар дээр стандарт бусаар байгуулагдсан Засгийн газраас Ардчилсан нам цаг нь болохоор гарах ёстой гэдгийг ч иргэд ойлгож ирсэн. Улс орны ирээдүйд чухал нөлөөтэй алхмуудыг хэрэгжүүлэх улс төрийн нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Засгийн газарт хамтарсан Ардчилсан нам өөрийн энэ үүргээ гүйцэтгэсэн гэж үзлээ.

Өрсөлдөгчийнхөө улс төрийн шийдвэр, нээлттэй эрхийг нь хүлээн зөвшөөрөх эрх чөлөө, ардчиллын мэдрэмж харин МАН-д дутаж байж мэдэх юм. Түүнээс биш Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах тохиолдолд төрийн эрхийг дангаар барих мандат ард түмнээсээ авсны хувьд улс төрийн тогтвортой байдлыг хангах үүрэг, хариуцлага МАН-д өөрт нь ирэх учиртай ойлгоогүй, өнөөдөр уйлаад сууж байна гэвэл хүн үнэмших үү? 

Ханилж явсан нөхөртөө хаягдахдаа хавийн хүн, амьтанд зовлонгоо тоочин өнөөхөө муучилж, хамаг ачааг хар биедээ үүрэхээр шийдсэн зовлонт эмэгтэйн дүрд МАН тоглож байна. Одоо түүнийг бид өрөвдөх ёстой юм байна. Үгүй гэхэд өнөө хаяж явсан нөхрийн хариуцлагагүй, хүн чанаргүйг жигшин гайхах ёстой байж таарлаа. МАН-ын тоглож буй жүжгийн үзэл санаа энэ бололтой. Уг нь уран зохиолд тухайн зохиол бүтээлийн үзэл санаа гээчийг дунд сургуулийн хичээлийн программд ч заахаа болиод удаж байгаа билээ. Учир нь уран зохиолыг намын үзэл суртлын зэвсэг болгож байсан өмнөх үе өөрчлөгдөж, утга зохиол судлалд “үзэл санаа” гэдэг зүйл яригдахаа больсон юм. Ийм шинэ цагийн уншигч, үзэгчдэд хуучин үзэл санааны жүжиг таалагдах юм болов уу даа?

Ардчилсан нам МАН-д бүрмөсөн нэгдчихээгүй л юм бол төрийн эрх мэдлийг нэгээс нөгөөд шилжүүлэх сонголтын өмнө өөрийн байр суурин дээрээ очих нь гарцаагүй зүйл байсан. Үүнийг шоу гэж харах, хариуцлагагүй, соёлгүй, тэр тусмаа хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй. Зүй ёсны энэ үйл явцын өмнөөс Ардчилсан намыг яллаж, сүүлийн өдрүүдэд үүссэн үнийн хөөрөгдөл, бухимдлын учир шалтгаан болгож харагдуулах арга заль мөнөөх “матрын нулимс”-ных нь ард нуугдаж байх шиг.

Эцсийн эцэст МАН-ын эрх ашгийн төлөө Ардчилсан нам Засгийн газарт хамтраагүй юм. Та бүхэн ингэж бодож байгаагүй л юм бол өөр юунд харамсан нулимс унагах ёстой гэж? Улс төрийн бядтай хүчин МАН шиг том биет матар уйлах муухай л байх даа.

З.Боргилмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж