Хийсэн ажил нь агаарын бохирдлын хурдыг гүйцсэнгүй

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Хийсэн ажил нь агаарын бохирдлын хурдыг гүйцсэнгүй

Бохирдлын хэмжээ буурчээ, гэхдээ маш бага

Нийслэл хотыг утаагүй болгох зорилгоор байгуулагдсан Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит хурал өчигдөр Төрийн ордонд болж утааг бууруулах чиглэлээр хийж буй ажлын явц, 2012 онд хийх ажлын талаар ярилцлаа. Мөн өнгөрөгч хурлаас гаргасан үүргийн дагуу агаарын бохирдлын хэмжээ ямар байгаа талаар мэргэжлийн байгууллагын дүнтай танилцсан байна.

Агаарын чанарын мэргэжлийн албанаас 2011 оны 10, 11, 12 дугаар сарын агаарын чанарын дундаж үзүүлэлтийг өнгөрөгч оны дундажтай харьцуулсан гаргасан судалгаагаар боловсруулсан түлш тараагдаж буй бүсэд хамгийн ойр байрлалтай  Баруун 4 зам орчмын агаарын чанарын суурин харуулын үзүүлэлтийн дүнг энд гаргажээ. Хэмжилтээр хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж 0.4 хувь, өвлийн сарын дундаж агууламж 3.7 хувиар тус тус буурчээ. Харин том ширхэглэгт тоосонцорын жилийн дундаж агууламж 1.5 хувь, өвлийн сарын дундаж агууламж 1.7 хувиар буурсан байна. Азотын давхар ислийн дундаж агууламж 9.7 хувиар багассан хэдий ч арванхоёрдугаар сард 17.1 хувиар ихэсчээ. 100 хувиар буурч байж агаарын бохирдолгүй болсон байх нь гэж ойлговол, бүр энгийнээр 100 тест бөглөж байж оноогоо авна гэвэл 3,4-хэнийг л амжилттай бөглөж F дүнгээ ч хангалттай авч чадахгүй байна ойлгогдохоор байна.

АМЛАХДАА САЙН, ХИЙХДЭЭ МУУ ХАМТРАГЧИД

Уг хорооны дарга Д.Баттулгын уурыг барсан нэг зүйл нь найдваргүй хамтрагчид болжээ. Ажил авахдаа аж ахуйн нэгжийнхээ хийж чадах зүйлийг хэт үнэлж, хоосон амлаад л.  Харин урьдчилгаа мөнгө гаргуулж авангуут хийх ажил, гүйцэтгэх үүргээ мартаж, шалтаг зовлон тоочоод л. Тухайлбал, хагас коксон брикет, үртсэн шахмал зэрэг боловсруулсан түлш нийлүүлэхээр гэрээ хийсэн “Шарын Гол-Энерго” ХХК, “Нако түлш” ХК, “Монголын алт” ХХК, “Өлзийт төв” ХХК, МонТос ХС, “Голден блейз” ХХК, “ТЭНОТЭ” ХХК, “Үртсэн шахмал түлшний үйлдвэр“ НӨҮГ зэрэг үйлдвэрүүд гэрээнийхээ биелэлтийг хэрэгжүүлээгүй энэ мэт луу унжиж. Үүнээс болж нийлүүлэлтийн анхны төлөвлөгөө болох 57 мянган тонн сайжруулсан түлшний нийлүүлэлт “хэрэгжих боломжгүй” ангилалд оржээ. Энэ нь нөгөө талаас 57 мянган тонн түүхий нүүрс айлын зууханд орж улаанбаатарын тэнгэрт бараантсан гэсэн үг.

АШИГЛАЖ ЧАДААГҮЙГЭЭ АШИГЛАНА ГЭЖ ГҮРИЙСЭЭР

Оны өмнө хуралдсан уг хорооны хурлын гол сэдэв нь агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах байсан 34 тэрбум төгрөгийг бүрэн ашиглаж чадахгүйгээр төсөвт буцаан тушаахаас аргагүйд хүрч болзошгүй тухай байсан. Эргэн сануулбал, Хуулиар төсвийн тодотголоор оруулсан хөрөнгийг тухайн ондоо амжиж зарцуулах ёстой байтал хариуцсан газар, яамд дээр зөвхөн үнэлгээний хороог л байгуулсан бөгөөд тендер зарлан явуулж амжаагүй юм. Өөрөөр хэлбэл, амжиж ашиглаж чадаагүй гэсэн үг.

Тухайн үед яам, нийслэлийнхэн нэгэнт хуулийн хугацаанд нээлттэй тендер зарлаж амжихгүй болсон тул өнөөх 34 тэрбумыг ашиглах төслийг хэрэгжүүлэхдээ шууд гэрээ байгуулах, эсвэл хязгаарлагдмал тендер зарлах аргыг санал болгосон боловч Сангийн яамнаас ийм байдлаар тендер зарлах зөвшөөрөл олгохоос татгалзаж мөн л гацаанд оруулсан билээ.

Харин өчигдрийн хорооны хурал дээр Д.Баттулга дарга энэ 34 тэрбумыг ашиглах боломжтой гэж ойлгож байгаа гэж гүрийж байгаа нь харагдана билээ. Хэдий ашиглах нь ашиг тустай боловч угтаа бол одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар энэ хөрөнгийг ашиглах боломж харагдахгүй байгаа юм.

Төсвийн тодотголоор гуравдугаар сарын 31-нээс өмнө ашиглаж амжаагүй өмнөх оны хөрөнгө оруулалтыг ашиглах боломж байдаг ч “эхлүүлсэн ажил” –ийг үргэлжлүүлэхэд л энэ хамаатай. Сангийн яамны мэргэжилтний хэлж буй тайлбараас ойлговол “34 тэрбум төгрөгийг ашиглах эсэх хувь заяаг Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх” гэнэ. Үүнийг л боломж гэж уг хорооны дарга нь хараад гүрийсэн бололтой.

ҮРГҮЙ ЗАРДЛЫН ТООЛУУР ЭРГЭСЭЭР

Ажлаа түргэвчлэлгүй алгуурласнаас болж багагүй зардлыг ч илүү төлөх болж буй тухай тооцоо өмнөх хуралдааны үеэр мөн л хөндөгдсөн. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд нөхцөл байдал дордсон уу гэхээс биш сайжраагүй. Тодруулбал, сайжруулсан зуух нийлүүлэх тооцоог хийх үед ам.долларын ханшийг 1200 төгрөгөөр тооцож байсан бол оны өмнө хуралдсан хуралдааны үеэр ханшний өсөлт 1350 төгрөг илүү гарч тухайн үеийн тооцооллоор хоёр тэрбум төгрөгийг сул алдалт харагдаж байсан. Одоо бүр ч өсөж долларын ханш 1430 орчим буй. Үргүй зардлын тоолуураар тооцоход дахин тэрбум гаран төгрөг алдаад явж байгаа аж.

ТҮҮХИЙ НҮҮРСИЙГ ХЭРЭГЛЭЭНЭЭС ШАХАХ ЖИЛ

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооныхон 2012 оныг түүхий нүүрсийг хязгаарлах гол ажилдаа бодитой ахиц гаргасан жил болгох зорилт тавьжээ. Улаанбаатар хотын гэр хорооллын нийт 180 мянган айл өрхийн 28% буюу гуравны нэг нь эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнүүдээр 2011 онд хангаж чадсаны ард нь  нэлээдгүй хүний хөдөлмөр байгаа нь үнэн ч хийх ёстой ажил хийсэн ажлыг нь чамлалттай болгож байгаа нь мөн үнэн болоод байна. 

Түүнчлэн агаарын бохирдлыг үүсгэгчид рүү нь хандсан ажил явуулах ёстой бөгөөд хөрөнгө оруулалтын хувиарлалтыг ч хийхдээ ч үүнийгээ бодох ёстой мэт. Өнгөрсөн жилийн төсвийн хувиарлалтаар ТЭЦ-4 ийн ажилд нийт 24 тэрбум төгрөгийг “төсөвлөжээ”. Энэ нь гаргаж нийт зардлын 20 хувиар агаарын бохирдлыг бууруурах төлөвлөгөөний 6 хувийг багасгах нь гэж байгаа зүйл.

Энэ мэт асуудалтай, анхаарах сургамжтай, ахицтай агаарын бохирдлын эсрэг тэмцсэн жил өнгөрч, дахин нэг жил эхэлж байна.

Жил бүр нэмэгдэх авто тээврийн хэрэгслийн тоо нь ирэх жилүүдэд энэ талд анхаарал хандуулах ёстойг сануулах биз.

Б.МАНДАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж