Монголбанкийг шүүхэд өгч, тэмцэхээ мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

Монголбанкийг шүүхэд өгч, тэмцэхээ мэдэгдлээ

Шатахууны үнэ нэмэгдсэнээс өргөн хэрэглээний бараа болон бусад зүйлсийн үнэ ханш өссөн үнийн давалгаа нийгэмд үүсээд байгаа билээ. Ардчилсан нам өн­гөр­сөн даваа гаригт хуралдаж Мон­­голбанкны ерөнхийлөгчийг огц­­­руулах санал тавьсан бол өчиг­­­дөр Монголын үйлдвэрчний хол­­боо ам.долларын ханшийн өсөлттэй холбоотойгоор Монгол­банкийг шүүхэд өгч, улс орон даяар тэмцэхээр болсноо мэдэгдлээ.  Уг мэдэгдлийг Монголын үйлд­вэрч­ний эвлэлийн холбоо болон Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаа­лах нийгэмлэгүүдийн нэгдсэн хол­боо (ХЭАХННХ)-ны дарга, УИХ-ын гишүүн Н.Ганбямба нарын 35 үйлдвэрчний эвлэлийн холбоо­ны төлөөллийн хүмүүс танил­ц­уулсан. Монголбанкийг шүү­хэд өгөх болсон шалтгаанаа “Тус банк нь ам.долларын албан ханш нэг сарын дотор 1428 төгрөг хүртэл өссөн. Монголбанк ийм байдал үүсэхийг мэдсээр байж арга хэмжээ аваагүй. Тиймээс үүнийхээ хариуцлагыг хүлээх ёстой” гэв.  Мөн ирэх баа­сан гариг хүртэл Засгийн газар, УИХ яаралтай арга хэмжээ авах­гүй бол МҮЭХ-оос өөрсдөө арга хэмжээ авна гэдгээ энэ үеэр мэдэгд­сэн юм. Хурлын үеэр МҮЭХ-ны ерөн­хийлөгч С.Ганбаатараас шата­хуун үнийн өсөлтйин талаар ямар арга хэмжээ авах  талаар тодрууллаа.

-МҮЭХ гурван талт хэлэл­цээрийг зохион байгуулах шаард­лага хүргүүлсэн. Шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор цаа­­шид ямар арга хэмжээ авах гэж байна?

-Энэ оронд хууль, төр гэж байдаг бол нийгэмд тулгамдсан томоохон асуудал үүсэхэд хөдөл­мөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг яаралтай хийх ёстой. Энэ гурван талт хэлэл­цээрийг яаралтай хийхийг бид өнгөрсөн баасан гаригт хүргүүлсэн байгаа. Ингэхдээ үнэ буулгах, өсгөх бус бодитой юу, аж ахуй нэг­жийн амаар бус хөндлөнгийн бие даасан шинжээчдийн дүгнэлтийг түшиглэн шийдэхийг хүссэн юм. Ер нь бол хэдхэн олигарх компа­ниу­даас болж бидний нийгэмд ийм асуудал үүсч байхад яаралтай арга хэмжээ авахгүй байна гэдэг байж болохгүй асуудал. Улсын гур­ван талт хэлэлцээр эсвэл биз­нес эрхчэлгчидтэй зөвшилцөж чадах­гүй бол шүүхэд хандан маргаанаа ший­дүүл­дэг жишиг байдаг шүү дээ. Хамгийн гол нь, хөндлөнгйн шинжээчдийн дүгнэлт чухал.  Хэрэв УИХ, Засгийн газар баасан гариг хүртэл арга хэмжээ авч чадахгүй бол Хэрэглэгчдийн эрх ашгийг хам­гаалах нийгэмлэгүүдийн холбоо­той хамтран бид өөрсдөө арга хэмжээ авч эхлэх болно. Долларын тэнцвэр­жүү­лэлтийг хийж, төгрөгийн хан­шийг чангаруулах, нефтийн үйлд­вэр барих, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг нөөцлөх Зас­гийн газрын арга хэмжээг авах, ард ир­гэ­дийн оролцоотой үйлд­вэрч­лэ­лийн арга хэмжээг авах зэрэг арга хэм­жээг даруй авахыг шаар­даж байна.

-Засгийн газар, УИХ арга хэмжээ авч чадахгүй үнийн өсөл­тийг барьж чадахгүй бол яах вэ?

-Хэдхэн том компаниудын мэ­дэлд орчихсон, тэдний аманд ороод үр дүн гаргахгүй бол бид маш том тэмцэл явуулах болно. Өнгөрсөн хугацаанд хийсэн багш нарын улс орон даяар өрнөсөн ажил хаялт уу, эсвэл жагсаал, цуглаан уу гэдгээ одоогоо шийдээгүй байна. Ямар ч гэсэн бид тэмцэх болно. Бид иргэдийг шатахуун худалдаж авахгүй байхыг уриалах зэрэг арга хэмжээг ч авч болно. Эхлээд хэлэлцээрийн ширээнд суугаад ам хэлээ ололцоё, чадахгүй гэж байгаа бол бид тэмцэе гэсэн үзэл бодлыг баримталж байна. Үнэхээр шатахууны үнэ нэмснээс үүдэж буй үнийн давалгаа энэ хэвээр удаан үргэлжлэвэл цалин багатай ард иргэдийг элгээр нь мөлхүүлэхэд хүргэнэ шүү дээ. Тиймээс ард иргэд ч гэсэн нэгэн амьтай, нэг сэтгэлтэй байх хэрэгтэй.

-Энэ асуудлыг шийдэх ямар арга хэмжээнүүдийг авч чадвал цаг үеийн асуудлыг шийдэж боло­­хоор байна вэ?

-Дөрвөн шатлалтай арга хэм­жээг авч болно. Засгийн газар нь шата­хуун импортлогч аж ахуй нэг­жүүдтэй  хэлэлцээрийн ширээнд суух хэрэгтэй. Хэлэлцээрийн ши­­рээнд суусан цагт ямар нэг арга хэмжээ авч болно. Дараа нь нөөцийн бодлогыг хэрэгжүүлээд, шатахууныхаа бараг 99 хувийг авдаг ОХУ-тай гэрээ хийх хэрэг­тэй. Тэгж байж галыг унтраах болно.  Үүний дараа бид дотооддоо үйлд­вэрлэж болох гарцуудыг хайх хэрэгтэй байгаа юм. Уг нь дотооддоо шата­хуун үйлдвэрлэх боломжийг эрдэм­тэн, судлаачид нь боломжтой гээд гаргаад ирсэн зүй­лийг дэмжээд өгөх хэрэгтэй л байгаа юм. Нэг л өдөр ОХУ бидэнд өгдөг крантаа хаачихвал бидний амьдрал зогсоход хүрээд байгааг ойлгох хэрэгтэй л дээ. Гурван сонгуулиар тууз хайчиллаа. Одоо боллоо шүү дээ. Залхаж байна. Барьцаалагдсан төр болсон болохоор МҮЭХ хяналт тавьж, шалгалт хийж ч болно.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж