-МҮЭХ гурван талт хэлэлцээрийг зохион байгуулах шаардлага хүргүүлсэн. Шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор цаашид ямар арга хэмжээ авах гэж байна?
-Энэ оронд хууль, төр гэж байдаг бол нийгэмд тулгамдсан томоохон асуудал үүсэхэд хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг яаралтай хийх ёстой. Энэ гурван талт хэлэлцээрийг яаралтай хийхийг бид өнгөрсөн баасан гаригт хүргүүлсэн байгаа. Ингэхдээ үнэ буулгах, өсгөх бус бодитой юу, аж ахуй нэгжийн амаар бус хөндлөнгийн бие даасан шинжээчдийн дүгнэлтийг түшиглэн шийдэхийг хүссэн юм. Ер нь бол хэдхэн олигарх компаниудаас болж бидний нийгэмд ийм асуудал үүсч байхад яаралтай арга хэмжээ авахгүй байна гэдэг байж болохгүй асуудал. Улсын гурван талт хэлэлцээр эсвэл бизнес эрхчэлгчидтэй зөвшилцөж чадахгүй бол шүүхэд хандан маргаанаа шийдүүлдэг жишиг байдаг шүү дээ. Хамгийн гол нь, хөндлөнгйн шинжээчдийн дүгнэлт чухал. Хэрэв УИХ, Засгийн газар баасан гариг хүртэл арга хэмжээ авч чадахгүй бол Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн холбоотой хамтран бид өөрсдөө арга хэмжээ авч эхлэх болно. Долларын тэнцвэржүүлэлтийг хийж, төгрөгийн ханшийг чангаруулах, нефтийн үйлдвэр барих, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг нөөцлөх Засгийн газрын арга хэмжээг авах, ард иргэдийн оролцоотой үйлдвэрчлэлийн арга хэмжээг авах зэрэг арга хэмжээг даруй авахыг шаардаж байна.
-Засгийн газар, УИХ арга хэмжээ авч чадахгүй үнийн өсөлтийг барьж чадахгүй бол яах вэ?
-Хэдхэн том компаниудын мэдэлд орчихсон, тэдний аманд ороод үр дүн гаргахгүй бол бид маш том тэмцэл явуулах болно. Өнгөрсөн хугацаанд хийсэн багш нарын улс орон даяар өрнөсөн ажил хаялт уу, эсвэл жагсаал, цуглаан уу гэдгээ одоогоо шийдээгүй байна. Ямар ч гэсэн бид тэмцэх болно. Бид иргэдийг шатахуун худалдаж авахгүй байхыг уриалах зэрэг арга хэмжээг ч авч болно. Эхлээд хэлэлцээрийн ширээнд суугаад ам хэлээ ололцоё, чадахгүй гэж байгаа бол бид тэмцэе гэсэн үзэл бодлыг баримталж байна. Үнэхээр шатахууны үнэ нэмснээс үүдэж буй үнийн давалгаа энэ хэвээр удаан үргэлжлэвэл цалин багатай ард иргэдийг элгээр нь мөлхүүлэхэд хүргэнэ шүү дээ. Тиймээс ард иргэд ч гэсэн нэгэн амьтай, нэг сэтгэлтэй байх хэрэгтэй.
-Энэ асуудлыг шийдэх ямар арга хэмжээнүүдийг авч чадвал цаг үеийн асуудлыг шийдэж болохоор байна вэ?
-Дөрвөн шатлалтай арга хэмжээг авч болно. Засгийн газар нь шатахуун импортлогч аж ахуй нэгжүүдтэй хэлэлцээрийн ширээнд суух хэрэгтэй. Хэлэлцээрийн ширээнд суусан цагт ямар нэг арга хэмжээ авч болно. Дараа нь нөөцийн бодлогыг хэрэгжүүлээд, шатахууныхаа бараг 99 хувийг авдаг ОХУ-тай гэрээ хийх хэрэгтэй. Тэгж байж галыг унтраах болно. Үүний дараа бид дотооддоо үйлдвэрлэж болох гарцуудыг хайх хэрэгтэй байгаа юм. Уг нь дотооддоо шатахуун үйлдвэрлэх боломжийг эрдэмтэн, судлаачид нь боломжтой гээд гаргаад ирсэн зүйлийг дэмжээд өгөх хэрэгтэй л байгаа юм. Нэг л өдөр ОХУ бидэнд өгдөг крантаа хаачихвал бидний амьдрал зогсоход хүрээд байгааг ойлгох хэрэгтэй л дээ. Гурван сонгуулиар тууз хайчиллаа. Одоо боллоо шүү дээ. Залхаж байна. Барьцаалагдсан төр болсон болохоор МҮЭХ хяналт тавьж, шалгалт хийж ч болно.