АН ямар МАН-тай ханилсан биш

Хуучирсан мэдээ: 2012.01.11-нд нийтлэгдсэн

АН ямар МАН-тай ханилсан биш

-Ханилж яваад нөхрөө
Унаж яваад морио…
гэж. Уг нь үнэ цэнэтэй сайхан үг. Гэхдээ энэ үг хамгийн ханилгаа муутай нөхдүүдийн амнаас гарах болсонд л гайхаад байгаа юм. Тэгээд ч ер нь Ардчилсан нам, Ардын нам хоёр хэрхэн халуунаар тэврэлдэх нь чухал бус хэн нь нийгмийн олонх, ард иргэдэд хэр шударгаар хандаж, тэдэнд тааламжтай зүйлийг эрмэлзэж байна вэ гэдэг нь гол шалгуур л даа. Үүнийг ардын үгэнд “Түшмэл хүн дээдэст хүндлэлтэй, доодост ээлтэй яв” хэмээн сургамжилсан байдаг. Ардчилсан нам Засгийн газраас гарахаар нэрээ татах болсон шалтгааныг ч бас энэ өнцгөөс нь эрж хайх нь зөв байх. Тэгээд ч сүүлийн үест Ардчилсан нам С.Батболдын танхимыг аварч үлдэхийн тулд Засгийн газарт байгаа мэт дээрэнгүй хандлагыг Ардын намын зарим сайд, дарга нар харуулаад байгаа шүү дээ.

Өнөөдөр Ардчилсан намын ҮЗХ хуралдаж, Ардчилсан нам Зас­гийн газраас гарах тухай намын даргын шийдвэрийг хэлэл­­цэнэ. Энэ далимд намын даргын сонгуулийг хамт явуулж, Н.Алтанхуягт хариуц­лага тооцох ёстой гэсэн хэсэг ч ҮЗХ-ны гишүүд дотор цөөнгүй бий. Гэхдээ энэ бол хоёрдугаар зэргийн, өөрөөр хэлбэл, намын дотоод асуудал. Хамгийн түрүүнд Ардчилсан нам цаашид Засгийн газарт байх уу, үгүй юу гэдэг асуултад хариулт өгөх нь чухал. Гэхдээ түүний хариулт нь Ардчилсан намын ирээдүй, ирэх сонгуульд чиглэсэн байхаасаа илүү энэ нь монголчуудын хувь заяа, нийгмийн хөгжилд хэрхэн тусах вэ гэдэг дээр үндэслэсэн байвал бүр сайн.

Өнгөрсөн гурван жилд Ардчилсан нам ямар бодлого зорилттой ажилласан, тэд­гээ­рээс аль нь хэрэгжээд, алийг нь хэрэгжүүлж чадсангүй вэ, хэрэгжүүлж чадаагүй шалтгаан нь хэнд, юунд байсан юм гэх мэтчилэн. Улс төрийн нам хоорондын харилцааг эр эм, эхнэр нөхрийн тангаргаас арай өөр, эрх зүйн зохицуулалт буюу гэрээ контрактаар зохицуулдаг. Энэ үүднээс нь харвал МАН гэрээ­гээ хэрэгжүүлээгүйн тө­лөө Ардчилсан нам засгаас гарах эрхтэй. Үүнийг шалгахын тулд 2008 онд хоёр намын бай­гуулсан гэрээг эргээд нэг харчих хэрэгтэй л дээ.

Түүнээс биш намын дар­гынх нь хэлсэн шиг “Сонгууль тулчихсан учраас хоёр нам бодлогоо салгах цаг болсон” гэдэг өнцгөөр харж, тэр нь Ардчилсан нам ирэх сон­гууль­даа бэлтгэж байгаа л хэрэг мэтээр ойлговол гол асуудлаасаа төөрөөд явчихна гэсэн үг. Тэгээд ч гурван жил нэг Засгийн газарт хамтарсан Ардын намыг ганц өд­рийн дотор хөнтөрчихөөд гараад явах нь улстөрч хүний хувьд жаахан жудаг муутай хэрэг болно. Тиймээс Н.Алтанхуяг даргын хийсэн дээрх “битүү хатуу” мэдэгдлийг зөвөөр ойлгож болох юм. Цаг хугацаа өнгөрөхөд түүний хэлэх үг ч өөрчлөгдөж таарна. Тэгээд ч Ардчилсан нам яагаад Ардын намтай хамтрах боломжгүй болсон бэ гэдгийг тэртэй тэргүй намынх нь гишүүд хэлээд өгнө. Яагаад гэвэл улс төр гэдэг багийн тоглолт. Хөлбөмбөгт нэг нь довтолж, нөгөө нь дамжуулж, бусад нь хамгаалдагтай л адил ойлгомжтой зүйл.

Н.Алтанхуяг даргын Ард­чил­­сан намыг засгаас гаргах талаар хийсэн мэдэгдлийн дараа МАН-ын сайд нар “ҮЗХ нь эрхбиш энэ шийдвэрийг нь арай ч баталчихгүй байлгүй дээ, буцаагаад хөөгөөд явуулах байлгүй” гэсэн мулгуу ч гэмээр “мессеж”-үүдийг нисгэж эхэлсэн билээ. Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүдэд хаягласан гэхээсээ ард түмэнд хандсан энэхүү “мессеж”-үүдийг тайлж уншихад төвөггүй. Аль эрт хамтарсан Засгийн газрыг бай­гуулах үеэс л “Би ч сайд болмоор байна, бид л дангаараа эрх барих ёстой” гэлцэж албан тушаал булаалдаж байсан МАН-ын гишүүдийн амнаас иймэрхүү “манж” үг унах бол юу ч биш л дээ. Өөрсдөө үүнийгээ “Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэдэг. Ардчилсан намынхан ч замын дундаас мурилаа даа” гэх юм уу, эсвэл эхнэр нөхөр, айл гэр салсан дайны эмгэнэл болгон ярьж байгаа нь ирэх сонгуульд Ардчилсан намд ямаршуухан хоч нэр зүүгээд оруулчих вэ л гэсэн богино зайны улс төр л дөө. Лу.Гантөмөр гишүүн ч хэлсэн байна лээ. Гэм зэмгүй амиа алдсан таван хүний төлөө харамсаагүй Ардын намынхан Ардчилсан нам зас­гаас гарсны төлөө харамсаад байгаа нь юу л бол доо. Тиймээс Ардын намынхны энэ хуурай “агсамнал”-ыг түр хойш тавиад Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүдийн гаргах шийдвэрт анхаарлаа хандуулах нь илүү алсыг харсан зүйл болох биз.

Өчигдөр хуралдсан Ардчил­сан ­намын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар ҮЗХ-ны өнөөдрийн ээл­жит хурлаар хэлэлцэх асууд­лыг урьдчилан баталсан бай­гаа. Асуудлын нэгдүгээрт, ҮЗХ-нд шинээр орж ирж бай­гаа гишүүдийг батламжлах, хоёр­дугаарт, намын даргын илтгэлийг хэлэлцэх, гурав дахь нь хамтарсан Засгийн газарт орж ажилласан сайд нарын тайланг сонсох, хамгийн сүүлд үндсэн асуудал буюу Ардчилсан нам Засгийн газраас гарах асуудлаар ҮЗХ-ны гишүүд шийдвэрээ гаргах юм байна. Албан ёсоор товлосон хэлэлцэх асуудлын хүрээнд лав намын даргын сонгуулийн асуудал багтаагүй.

Хэдийгээр ҮЗХ-нд шинээр сонгогдож буй гишүүдийн тоо олон бус нам доторх фракциудын хүчний харьцааг өөрчлөхөөргүй харагдаж байгаа ч энэ нь намын даргын асуудлыг энэ удаагийн хурлаар оруулахгүй гэсэн үг биш. Хэрвээ ҮЗХ-ны гишүүдээс санаачилга гаргаад асуудал тавьбал “хэлэлцэхгүй” гэх эрх хурал даргалагч нарт байхгүй. Тэгээд ч Ардчилсан нам засгаас гарч байгаа явдалтай давхцуулан намын даргаа өөрч­­лөх сонирхолтой хүмүүс цөөн­гүй, намын даргад өрсөлдөх хүсэлтэй хүн ч нэг бус байгаа гэд­гийг дээр хэлсэн. Хамгийн түрүүнд нэрээ дэвшүүлэх магадлалтай хүмүүсийн тоонд өмнө нь Н.Алтанхуягтай өрсөл­дөж байсан УИХ-ын гишүүн З.Энхболд, сүүлийн үест нэр нь гарах болсон Зам тээвэр, барил­га, хот байгуулалтын сайд Х.Баттулга нар орно. Ялангуяа Х.Баттулга сайдын хувьд хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа засаг дотроос уудалсан цөөн хүний нэг. Үүгээрээ ч намынхаа гишүүдээс багагүй “оноо” авсан. Яг долоо хоногийн өмнө буюу өнгөрсөн долоо хоногт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаан дээр ч бас л мань эр Ц.Нямдорж сайдтай сөргөлдөж, хоёр намын зөрчлийг хурцатгасан нь Н.Алтанхуяг даргыг Ардчилсан намыг засгаас гаргах тухай мэдэгд­­лээ яаравчлахад хүргэсэн байх талтай.

Улс төр гэдэг багийн тог­лолт гэдэг утгаар нь харвал Х.Баттулга сайдын өдлөг, үүний дараах Н.Алтанхуяг даргын мэдэгдэл зэргийг аль алийг “хувийн тоглолт” гэхээсээ илүү бие биеэ нөхсөн хэрэг хэмээн харж болно. Харин энэ нь хэрээс хэтрээд ҮЗХ-ны хуралдаанд намын даргын асуудлыг оруулах хэмжээнд хүрвэл тэр нь харин Ардчилсан намд бус, Ардын намд л ашигтайгаар эргэнэ. Яагаад гэвэл Ардчилсан нам засгаас гарсны дараа Ардын нам дангаараа засаг байгуулаад явахад алдаа оноо аль аль нь гарч л таарна. Тэр болгонд Ардын намынхан анхаарлыг өөрөөсөө холдуулахын тулд Ардчилсан намаар оролдсоор байх нь дамжиггүй. Нөгөө “Бензиний үнэ өссөн нь Ардчилсан нам засгаас гарснаас болов” гэдэг шиг. Тэгээд ч Ардчилсан намын нөхдүүд Н.Алтанхуягтай ха­риуц­лага тооцоход хүрвэл тэр нь өнгөрсөн Засгийн газарт хамтарснаа буруутгаж, хийсэн бүтээснээ ч үгүйсгэсэн төдий л зүйл болно. Сайн ч, муу ч Ардчилсан намаас томилогдсон таван сайд намын даргатайгаа нийлээд С.Батболдын Засгийн газрын нугалсан ажлын хамаг л хатуу хөтүүг үүрсэн нь үнэн юм чинь. Хэрвээ өмнөх шигээ “Хамтарсан Засгийн газарт орсон нь эхнээсээ буруу байсан юм, Н.Алтанхуягаас л боллоо” гэдэг улиг болсон шүүмжлэлээ ҮЗХ-ны хурлаараа өрнүүлээд явчихвал тэр нь Ардын намынханд өгөөш болох төдий­гүй хамтрах шийдвэрийг олон­хиороо гаргасан ҮЗХ-ны өмнөх хурлуудын шийдвэр ч гэсэн хуу­дуутай болж харагдана гэсэн үг.

Тиймээс өнөөдөр хуралдах ҮЗХ-ны хурлаар асуудлыг өн­гөр­сөн цаг дээрээс бус, одоо цагаас эхэлж ярих, цаашдын энэ нам ямар замаар явах юм гэдэг бодлого зорилгоо тодор­хойлох гэх нь нийгэмд илүү эерэг мессежийг өгөх биз. Намын даргын сонгуулийг явуул­даг байлаа ч гэсэн үүний­гээ хэн нэгнийг яллахад бус, ирээдүйгээ харж ярих нь дээр болов уу. Гэхдээ ямар ч то­хиол­долд, намын даргын асууд­­лыг ямар нэг байдлаар сөхлөө гэхэд Ардчилсан намын өнгөрсөн гурван жилийн ажил Н.Алтанхуягийн нэртэй хамт унах болчихоод байгаа юм. Наад зах нь “Буруутай учраас л хариуцлага тооцсон байгаа шүү дээ. Ардчилсан намын явуул­сан бодлого зөв байсан юм бол яагаад намын даргаа өөр­чилсөн бэ” гэдэг асуулт гарч таарна. Харин түүний оронд “Ардчилсан намын тавь­сан зорилт анхнаасаа өөрч­лөг­дөөгүй, Ардын нам гэрээгээ хэрэгжүүлэхгүй байгаа учраас засгаас гарлаа” гэдэг анхны мес­сежээрээ явах нь намын дотоод эв нэг­дэлд ч хэрэгтэй, гадаад улс төрд ч илүү ойлгомжтой байх биз.

Б.Сэмүүн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж