“Эдийн засгийн хувьсгал” үргэлжлэв

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

“Эдийн засгийн хувьсгал” үргэлжлэв

Ардчилсан нам “Монгол хүн­‑2020” хөтөлбөрийн хүрээнд Эдийн засгийн хувьсгалыг өрх бүрт эхлүүлэхээр албан ёсоор зарласан. Энэ хүрээнд “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” цуврал лекцийг сар бүр зохион байгуулдаг уламжлалтай. “Эдийн засгийн хувьсгал эхэллээ‑4” лекцийг өнөөдөр УИХ‑ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт “Бид чадах уу” нэртэй илтгэлээрээ эхлүүлсэн юм. Тэрбээр “Монгол дундаж өрх, монгол хүний орлогыг нэмэгдүүлэх асуудал нь улс орны эдийн засгийн  салбарын өсөлтөөс голлон хамаарна. Бид энэ дөрвөн жилд эхлүүлсэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх бодлогоо улам боловсронгуй болгож эрчимжүүлэх ёстой гэж бодож байна. Уул уурхайн орлогын нэг хэсэг нь урт хугацаатай, бага хүүтэй зээлийн хэлбэрээр бизнес эрхлэгчдэд очих ёстой. Өнгөрсөн онд УИХ-аас баталсан Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих 300 тэрбум төгрөгийн бонд, Сум хөгжүүлэх сангийн эх үүсвэр  зөвхөн эхлэл нь. Бид энэ төрлийн санхүүжилтийн механизмыг улам боловсронгуй болгож, хэмжээг нь жилээс жилд нэмэх ёстой. Эдийн засгийн хувьсгалыг бид хийж чадна“ гэсэн юм.  Түүний дараа “Монос” группийн дэд ерөнхийлөгч Л.Эрдэнэчимэг “Эдийн засгийн хувьсгал эндээс эхэлнэ” илтгэлээ сонордуулж, “Монгол хүн бүр монголынхоо эзэн, баялаг бүтээгч нь байх ёстой” гэлээ.

Мөн Ардчилсан залуучуудын холбооны гишүүн З.Энхболд “Эдийн засгийн хувьсгалд интернетийн цогц үйлчилгээ, бодлого нөлөөлөх нь” сэдэвт сонирхолтой илтгэл тавьсан юм. “Хэрэв бид интернэт гэдэг багажийг зөв өнцгөөс харж ашиглавал хууль эрх зүй, боловсрол, эрүүл мэнд, бизнес, чөлөөт цаг гэх мэт салбаруудад мэдэгдэхүйц амжилт гаргахаас гадна амьдралын хэв маягаа өндөр хөгжилтэй орнуудынх шиг болгож болно. Энэ нь мөнгөтэй болно гэсэн үг биш, Энэ нь мөнгө, алт шиг үнэтэй цагаа хэмнэж амьдрана гэсэн үг юм. Бидэнд гагцхүү интернэтийн цогц үйлчилгээний бодлого дутагдаж байна” гэсэн юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж