“Ц.Нямдорж малчдын бууг хураах гэж байна”

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

“Ц.Нямдорж малчдын бууг хураах гэж байна”

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Галт зэвсгийн тухай
хуулийг шинэчлэн найруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Гадаад
орнуудад галт зэвсэг хэрэглэн, хүний амь нас хөнөөх үйлдэл ойр ойрхон
гардаг зэрэг шалтгаанаас үүдэн Монголд ч галт зэвсгийг хямгатай
хэрэглэх, малчид буугаа гэртээ төмөр хайрцагт хадгалах, зайлшгүй
хамгаалалт хэрэгтэй үед мэргэжлийн хамгаалалтын албанаас тусламж хүсч
байх зэрэг заалттай Галт зэвсгийн тухай хуулийн төслийг УИХ-ын зарим
гишүүн өргөн барьсан Засгийн газарт нь буцаах шаардлагатай хэмээн үзэж,
нэлээд хэлэлцсэний дараа хойшлуулахаар болов.

Гишүүн З.Энхболд хуулийн төслийг багагүй эсэргүүцэж “Энэ бол Хууль зүй,
дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн гаргасан жагсаалтаар малчдын бууг
хурааж, сүүлтэй сүүлгүй чононоос мал сүргээ хамгаалах чадваргүй болгох
гэсэн санаа байна” хэмээн нэлээд бухимдсан юм. Тэрбээр “Байлдааны АК
автомат бууны сум таардаг ангийн бууг мөнгийг нь өгөлгүй эздээс нь
хурааж авах гэсэн санаа үүний цаана байна. Ц.Нямдорж сайд ийм ийм бууг
хураана гэсэн жагсаалт гаргана. Тэгээд ангийн бууг нь хурааж, малчдын
гарыг мухарлах гэж байна. Өвөрхангай аймгийн хэмжээнд 1909 буу байдаг.
Галт зэвсгийг гэмт хэргийн чанартай хэрэглэсэн тохиолдол 2010 онд дөрөв,
2011 онд хоёр л гарсан. Монголд галт зэвсэг хэрэглэж гэмт хэрэг үйлддэг
уламжлал байхгүй. Монгол айл бүр буутай байдаг. Гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх ёстой. Тэрнээс биш буу хураах хууль гаргаж болохгүй” гэсэн бол
гишүүн Э.Мөнх-Очир ч “Америк хүний соёл иргэншил, монгол хүний соёл
иргэншил өөр. Малчдын буу хураах хэрэггүй” гэсэн байр суурь илэрхийллээ.

Хуулийн төсөлд “Музей, үзмэрийн зориулалттай бууг хөнөөх чадваргүй
болгоно” гэж заасан дээр гишүүд мөн мэтгэлцэв. Мэргэжлийн хүмүүс “Музейн
бууны гол төмрийг цоолж хөнөөх чадваргүй болгоно” гэж хэлсэн бол
гишүүдийн зүгээс “Хэрэв ингэвэл бууны үнэ цэнэ алдагдаж, буу биш болох
тул амыг нь битүүлж, гагнана гэж төсөлд оруулъя” гэх мэт санал гарлаа.
Буугаа алдсан хүн 24 цагийн дотор холбогдох газарт мэдэгдэнэ гэснийг ч
буугаа алдсанаа мэдсэнээс хойш 24 цаг гэж өөрчлөх санал гарч байлаа.
“Малчдын бууг төмөр хайрцагт хийж хадгална” гэснийг дэндүү амьдралгүй
заалт байна гэж гишүүн Д.Одхүү, Э.Мөнх-Очир нар хэлж байв.

Энэ үеэр гишүүн С.Эрдэнэ Д.Одхүү гишүүний хэлсэн үгийг буруугаар ойлгож,
монголчуудын түгээмэл хэрэглэдэг гадаад үгээр харааж, “Хоёрын хооронд
хогийн хууль оруулж ирэхээ больё. Хийх ажилгүй юмнууд хүний гар мухарлах
гэж байна. Бузар царайлчихаад. Ц.Нямдоржийн гараар явдгаа болиорой.
Хэний санаачлагаар, ямар санаагаар иргэдийн гар дээрх буу зэвсгийг
хурааж, гарыг нь мухарлах гээд байгаа юм. Хөдөө сүүлтэй, сүүлгүй чоно
малчдын малыг идэж зулгааж дууслаа. Хэрэг гарлаа гэхэд үхээд алуулсан
хойно нь л цагдаа очдог биз дээ” гэхчлэн хэсэг загнав.

Ингээд ямар боловч “Сэтгэцийн хувьд эрүүл, 18 нас хүрсэн, галт зэвсэг
эзэмших зөвшөөрөл бүхий Монгол Улсын иргэд буу эзэмшиж болно” гэсэн
төслийн заалтыг гишүүд дэмжлээ. Гэсэн ч хуулийн төслийг хойшлуулахаар
болсон юм.

Үүний дараа Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн
төслийг хэлэлцлээ. Эрүүгийн хуульд хууль бусаар гэнэт хөрөнгөжсөн хүнийг
гурваас найм хүртэл жил хорих, эсвэл сарын хөдөлмөрийн хөлсний доод
хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлж, торгох, гэнэт хууль бусаар баяжсан нь
нотлогдвол алба хаших эрхийг тодорхой жилээр хориглох, 10 хүртэл жилээр
хорих, эсвэл сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251-500 дахин өсгөж
торгох зэрэг заалт оруулж байгаа юм. 

Хуулийг баталсан өдрөөс нь хэрэгжүүлнэ гэснийг долдугаар сарын 15-наас
гэх саналыг З.Энхболд гишүүн гаргасан юм. Харин Х.Тэмүүжин гишүүн
хоёрдугаар сарын 15-наас хэрэгжүүлж болно гэснийг гишүүд хүлээж авлаа.
Үүгээр хуралдаан өндөрлөв.


Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж