С.Батболд: Нефть импортлох эрхийг нь түдгэлзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

С.Батболд: Нефть импортлох эрхийг нь түдгэлзүүлнэ

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан дуусч, МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд, мөн бүлгийн дарга Б.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Ч.Улаан нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлэг өчигдрөөс нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг судлах Ажлын хэсэг байгуулан ажилласан бөгөөд Ажлын хэсгийнхэн Монголбанкинд ажиллаад, бүлэгтээ мэдээлэл хийжээ. Үндсэн хоёр асуудал дээр голлон анхаарсан байна. Тодруулбал, тэд нэгдүгээрт, нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөд валютын ханшийн өсөлт нөлөөлсөн үү. Хоёрдугаарт, нефтийн бүтээгдэхүүний үнэ литр тутамдаа 200-240 төгрөгөөр өссөн нь үнэхээр бодитой байсан уу гэдгийг авч үзжээ.

Ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Ч.Улаан хэлэхдээ,

-“Валютын ханш өнгөрсөн арванхоёрдугаар сард 53 төгрөгөөр өссөн бол сүүлийн арав хоногт огцом чангарсан. Тухай бүрт нь төв банк интерверенц хийж байсан ч валютын ханшийн чангаралтын эсрэг үр дүн гаргахуйц арга хэмжээ авч чадаагүй. Гэхдээ нефтийн бүтээгдэхүүний үнийг литр тутамд 200-240 төгрөгөөр нэмэх шалтгаан болсон уу гэвэл тэгж үзэх нь өрөөсгөл, хийсвэр өсөлт гарсан. Мөн шатахууны үнэ өссөнөөс болж гурил нэг кг тутамдаа 100 төгрөгөөр өссөн. Чухамдаа бол кг тутамдаа 2-3 төгрөг л өсөхөөр байгаа. Микро автобусны хувьд үйлчилгээний үнээ 200-300 төгрөгөөр өсгөсөн. Нарийн судалгаа хийхээр микроавтобус нь 30-40 төгрөгөөр үнээ өсгөх үндэслэл  байсан. Энэ мэтээр шат, шатандаа үндэслэлгүйгээр үнэ хөөрөгдсөн шалтгаан байна” гэсэн юм.

МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд,

-“Нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор Засгийн газраас ойрын хугацаанд хариу ямар арга хэмжээ авах талаар бүлэгт мэдээлэл хийлээ. Ойрын үед хуралдах Засгийн газрын хуралдаанаас тодорхой арга хэмжээний хөтөлбөр гаргана. Харин шатахууны үнэтэй холбоотойгоор ажлын хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцно. Хэрвээ нефть импортлогч компаниуд үгсэн хуйвалдаж, үнээ үндэслэлгүйгээр огцом нэмсэн болох нь холбогдох байгууллагуудын шалгалтаар нотлогдвол нефть импортлох эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна. Хариуцлагын асуудал зөвхөн албан тушаалтнаар хязгаарлагдахгүй аж ахуйн нэгж дээр хүртэл яригдаж болох талтай” гэлээ.

Иргэдийн хувьд Засгийн газраас нефтийн бүтээгдэхүүний үнийг ойрын хугацаанд буулгах болов уу гэдэг хүлээлттэй байна. Энэ асуудал дээр Засгийн газрын тэргүүний хувьд ямар байр суурьтай байна вэ гэсэн сэтгүүлчийн асуултад Ерөнхий сайд С.Батболд “Нефть импортлогч команиуд, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Монголбанк, Засгийн газраас холбогдох сайд нар оролцсон суурь үнийн зохицуулалтыг гаргаж, ирэх асуудлыг тал талаасаа оролцоод ярилцана. Үүний дараа үнийн зохицуулалт хийх боломжтой эсэх нь тодорхой болно” гэлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд дээрх асуудлын хүрээнд “Валютын ханшийн өсөлт нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн ч гэлээ, хэд, хэдэн шалтгаан байна гэж үзжээ. Тухайлбал, улирлын чанартайгаар валютын ханш огцом нэмэгдсэн. Энэ нь цагаан сар болохын өмнө валютын ханш тогтмол чангардаг юм байна. Түүнд нь харин зохицуулж төв банк үр дүн гарахуйц арга хэмжээ авч чадаагүй. Үүнд мөн улстөржилт орсон. Цаашид жил бүр нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой асуудлаар иргэдээ чирэгдүүлэхгүй байхын тулд нефтийн бүтээгдэхүүн имортлох эрхийг Засгийн газар гартаа авах. Харин жижиглэн худалдаа хийх эрхийг сонгон шалгаруулалтаар тодруулж эрх өгөх. Газрын тосны үйлдвэр байгуулах ажлыг шуурхайлах. Хариуцлага алдсан холбогдох албан тушаалтнуудад арга хэмжээ авах ёстой” гэжээ. Энэ асуудлын хүрээнд бүлгийн дарга Ө.Энхтүвшингээс сэтгүүлч “Монголбанкны удирдлагад арга хэмжээ авах уу” гэж асуухад “Тал талаас мэдээлэл авч, тодорхой шийдэл олсны дараа арга хэмжээ авах асуудал яригдана. Хэнд ч хариуцлага тооцоход амархан. Гагцхүү шалтгаан үндэслэлийг нь үнэн зөв тодорхойлсны дараа энэ асуудлыг авч хэлэлцэнэ” гэлээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж