Умард Солонгос хоригдлуудад өршөөл үзүүлнэ гэв

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Умард Солонгос хоригдлуудад өршөөл үзүүлнэ гэв

Умард Солонгос хоёр их удирдагчийнхаа ойд зориулж, шоронгийн хоригдлуудад өршөөл үзүүлэх гэнэ. Өнгөрсөн сард нас барсан хүндэт эцэг Ким Чен Ир болон түүний эцэг Ким Ир Сений дурсгалд зориулж, нэгдүгээр сарын 1-нээс хоригдлуудад өршөөл үзүүлж эхэлсэн талаар тус улсын үндэсний телевизээр мэдээлжээ. Гэвч хичнээн хоригдолд өршөөл үзүүлж, суллах тухай өөр мэдээлэл өгөөгүй байна. Хүний эрхийг хамгаалах “Amnesty International” байгууллагын мэдэгдсэнээр Умард Солонгосын хорих лагеруудад 200,000 гаруй улс төрийн хоригдлууд байгаа аж. Энэ онд Умард Солонгосын удирдагч асан Ким Чен Ирын мэндэлсний 70 жилийн ой болон түүний эцэг Ким Ир Сений 100 жилийн ой тохиож байгаа юм. 1994 онд Ким Ир Сенийг нас барсны дараа коммунист дэглэмтэй, цөмийн зэвсэгтэй орныг удирдаж, ядуурал гуйланчлалын туйлд хүргэсэн Ким Чен Ир өнгөрсөн сард зүрхний шигдээсээр нас барж, түүний бага хүү залгамжлагч болсон билээ. Умард Солонгос 2005 онд Японы колоничлолоос гарсны 60 жилийн ойг тохиолдуулан, мөн шоронгийн хоригдлуудад өршөөл үзүүлж байжээ. Гэвч хичнээн хоригдол сулласан нь одоо ч тодорхойгүй байдаг аж. Хүний эрхийг хамгаалах  “Amnesty International”-ийн шинжээчид Умард Солонгос дахь хорих лагерууд улам өргөжсөн талаар өнгөрсөн онд мэдээлж байжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж