Б.Сэр-Од сарын шилдэг тамирчин боллоо

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Б.Сэр-Од сарын шилдэг тамирчин боллоо

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж
өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр
Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг
тамирчин” төслийг Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо, UBS телевиз, Монголын
спортын маркетингийн агентлагтай хамтран өнгөрсөн сараас эхлэн хэрэгжүүлж
эхэлсэн билээ.

Анхны шалгаруулалтад амжилтаараа манлайлсан таван тамирчин өрсөлдөж, боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин П.Сэрдамба
аравдугаар сарын шилдгээр тодорсон юм. Харин арваннэгдүгээр сарын шилдэг тамирчнаар Нидерландын Амстердам хотноо
болсон жүдо бөхийн гран-при тэмцээний -78 кг-ын
жинд аваргалсан ОУХМ П.Лхамдэгд тодорсон.

Тэгвэл 2011 оны хамгийн сүүлийн сар болох арванхоёрдугаар сарын шилдэг тамирчны
шалгаруулалт тун өрсөлдөөнтэй өрнөж,
Монголын
спортын отгон Гавьяат, марафонч Б.Сэр-Од шилдгээр шалгарлаа. Тэрбээр аравдугаар сарын шилдгүүдийн
эгнээнд мөн багтаж, нэр дэвшиж байсан билээ. Энэ удаад Японы марафонд хоёр
дахиа түрүүлсэн амжилтаар арванхоёрдугаар сарын шилдэг тамирчин болсон байна. Б.Сэр-Од
онлайн санал асуулга болон комиссын гишүүдийн санал асуулгыг төгс манлайлжээ.

Харин түүний
араас ой тогтоолтын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Монголын баг шалгарав.
Багийн
ахлагч Х.Хатанбаатар, С.Цогбадрах, С.Акжол, Т.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй
баг БНХАУ-ын Гуанжоуд болсон ДАШТ-ээс багаараа хүрэл медаль хүртснээс гадна
хувийн төрлөөр топ 10-т дөрвөн
тамирчин багтаж, хоёр
тамирчин их мастерын болзол хангасан билээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж