Венус Уильямс “Australian Open”-д оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Венус Уильямс “Australian Open”-д оролцохгүй

Америкийн нэрт теннисчин Венус Уильямс ирэх долоо хоногт эхлэх Австралийн нээлттэй тэмцээнийг өнжихөөр боллоо. Өдгөө 31 настай түүний хувьд өнгөрсөн жилийн наймдугаар сард болсон Америкийн нээлттэй тэмцээнийг мөн л гэмтлийн улмаас орхиж байсан юм. Түүний биеийн байдал сайжирч, үе мөчний өвчин бүрэн эдгэсэн ч теннисний талбайдаа эргэн ирэхэд 100 хувь бэлэн биш хэмээн үзжээ. Тэрбээр твиттертээ “Энэ жилийн анхны “Их дуулга”-д оролцох хүсэл тэмүүлэл их байлаа. Бэлтгэлийн нарийн дэглэм барьж байгаа учир талбайд гарах хугацаа хараахан болоогүй байна. Ирэх хоёрдугаар сараас тэмцээнд оролцож болно гэдэгтээ итгэлтэй байна” гэжээ.

Америкийн нэрт теннисчин Венус Уилльямс “Их дуулга”-д долоон удаа түрүүлэхдээ “Уимбльдон”-д тав, Америкийн нээлттэй тэмцээнд хоёр удаа аваргалж байжээ. Австралийн нээлттэй тэмцээнд үзүүлсэн түүний хамгийн өндөр амжилт гэвэл 2003 он финалдаж, дүү Серенад ялагдаж байсан юм.

“Их дуулга”-ын цуврал дөрвөн тэмцээний 2012 оны анхных нь болох Австралийн нээлттэй тэмцээн нэгдүгээр сарын 16-нд Мелбурн хотноо эхэлнэ. Энэ жилийн тэмцээний шагналын сан 8,2 сая ам.доллар юм. Өнгөрсөн жил эрэгтэйчүүдийн ангилалд дэлхийн тэргүүн теннисчин Новак Жокович, харин эмэгтэйчүүдийн төрөлд Бельгийн Ким Клейстерс түрүүлсэн билээ.

Ч.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж