С.Ганбаатар: Дусал шатахуун ч бүү ав

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

С.Ганбаатар: Дусал шатахуун ч бүү ав

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хэрэглэгчдийн эрх  ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо хамтран үнийн өсөлт, түүнтэй хэрхэн тэмцэх талаар өнөөдөр байр сууриа илэрхийлж, хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Тэд Засгийн газарт хандан ирэх баасан гариг хүртэл шатахуун болоод өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлаар албан ёсны мэдэгдэл хийж, тодорхой арга хэмжээ авч эхлэхгүй бол тэмцлийн арга хэмжээнд шилжинэ гэлээ.

 МҮЭ-ийн байранд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч  С.Ганбаатараас дараах асуултад хариулт авлаа.

-Шатахууны үнэ нэмэх шийдвэр гэнэт гарсанд Монголын үйлдвэрчний эвлэл ямар байр суурьтай байгаа вэ?

-Одоо энэ асуудлыг эерэгээр шийдэхийн тулд нийгмийн зөвшлийн буюу гурван талт хэлэлцээрийг шуурхай хуралдуулах хэрэгтэй байна. Үүнийг хуралдуулах механизм, эрх үүрэг нь байдаг. Өнөөдөр төрийн удирдлагууд, томчууд үүнийг ойлгохгүй байгаа болоод ямар нэгэн арга хэмжээ авахгүй байгаа ч гэсэн баасан гариг хүртэл хуралдах боломжийг нь бид олгож байна. Энэ хуралдаанаар нэгдсэн хамтын шийдэл гарах учиртай. Түүнээс гадна баасан гаригаас өмнө үнийн өсөлтийн талаар Засгийн газар, Улсын их хурал  арга хэмжээ авч чадахгүй бол, Монголын үйлдвэрчний холбоо, Хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө газар хамтран ард иргэдийнхээ ийм хүнд нөхцөл байдлыг харгалзан, үндэсний зориг гаргаж, хуулийнхаа дагуу, эрх үүргийнхээ хүрээнд, тодорхой үйл ажиллагаа өрнүүлнэ гэдгээ мэдэгдэж байна.

-Шатахууны үнийн өсөлтийн шалтгаан нь юутай холбоотой гэж үзэж байгаа вэ?

-Үгсэн хуйвалдалт шүү дээ. Монополь эрхийг авч үлдэх гэсэн хэдэн том газруудын башир арга. Ийм газруудаас дусал шатахуун ч бүү аваарай гэдэг уриалгыг ард түмэнд хандан гаргах болно. Тэд худалдаж, борлуулдаг гээд биднийг боомилж байгаа бол бид худалдаж авдгаараа боомилж болно биз дээ. Ийм тэмцлийн арга хэмжээнд шилжих болно. “Аятайхан байгаарай, бид иргэний зориг гарган, тэмцлийн шатандаа шилжих бэлтгэл ажилдаа орсон” гэдгийг дахин хэлмээр байна. Гэхдээ бид баасан гариг хүртэлх хугацаанд бидэнтэй ярилцах боломжийг олгож байгааг ойлгоорой.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж