Сөүл залуу Кимээс болгоомжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Сөүл залуу Кимээс болгоомжилж байна

БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Бак, Хятадын дарга Ху Жинтао нар даваа гаригт болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Солонгосын хойгт энхтайвныг тогтоож, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар зөвшилцөлд хүрч, Умард Солонгост томоохон өөрчлөлт авчрах үе эхэлснийг онцолсон байна. Умард Солонгосын асуудал Хятад, БНСУ-ын төрийн тэргүүдийн уулзалтын гол сэдэв байдаг нь энэ удаа ч давтагдаж, Солонгосын хойгийн асуудлаар цаашид ямар бодлого баримтлахаа хэлэлцсэн аж.

Хятадын загасчны хөлөг онгоц БНСУ-ын эзэмшлийн бүсэд нэвтэрсэн хэргээс хойш хурцадмал байсан гадаад харилцааг сайжруулах аргыг хоёр тал эрэлхийлж байгаа юм. Умард Солонгосын удирдагч Ким Чен Ир нас барснаас хойшхи хоёр талын анхны дээд хэмжээний уулзалтын үеэр Ху Жинтао Ли Мён Бакт “Хоёр Солонгос энхийн хэлэлцээ хийж, тогтвортой, найрсаг харилцаа тогтооход Хятад улс дэмжих болно” гэж хэлснийг “Синьхуа” мэдээллийн агентлаг уламжилжээ. Түүнээс гадна хоёр тал чөлөөт худалдааны гэрээ байгуулахад дотоодын урьдчилсан нөхцөлийг хангах асуудлаар зөвшилцөлд хүрсэн байна. Дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр орны удирдагчид цөмийн зэвсэгтэй ядуу буурай орон Умард Солонгосын шилжилтийн нөхцөл байдалд санаа зовж буйгаа илэрхийлэв. Умард Солонгосын улс төр, худалдааны гол түнш Хятад энэ асуудлаар үг цухуйлгах дургүй бөгөөд энэ удаа ч мөн бусдын хэрэгт хошуу дүрэхгүй гэдэг зарчмыг баримталсан гэж ажиглагчид бичиж байна. Умард Солонгосын худалдаа, хөрөнгө оруулалтын гол түнш Бээжин Пхеньянь эдийн засгийн шинэчлэл хийхийг тэвчээртэй хүлээж байгаа бөгөөд одоогийн эрх баригчдыг сууринд нь байлгах сонирхолтой. Хэрэв Умард Солонгосын коммунист дэглэм нурвал АНУ-ын холбоотон БНСУ Умард Солонгостой нэгдэх зам шулуудна гэж Бээжин таамаглаж байгаа аж. Харин Умард Солонгосын шинэ удирдагч, нялх Ким Чен Ун улс төр, нийгмийн элитүүдээс дэмжлэг авахын тулд Өмнөдтэй харилцаагаа хурцатгаж болзошгүй гэж Сөүл болгоомжилж байна хэмээн ажиглагчид бичжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж