
Хятадын загасчны хөлөг онгоц БНСУ-ын эзэмшлийн бүсэд нэвтэрсэн хэргээс хойш хурцадмал байсан гадаад харилцааг сайжруулах аргыг хоёр тал эрэлхийлж байгаа юм. Умард Солонгосын удирдагч Ким Чен Ир нас барснаас хойшхи хоёр талын анхны дээд хэмжээний уулзалтын үеэр Ху Жинтао Ли Мён Бакт “Хоёр Солонгос энхийн хэлэлцээ хийж, тогтвортой, найрсаг харилцаа тогтооход Хятад улс дэмжих болно” гэж хэлснийг “Синьхуа” мэдээллийн агентлаг уламжилжээ. Түүнээс гадна хоёр тал чөлөөт худалдааны гэрээ байгуулахад дотоодын урьдчилсан нөхцөлийг хангах асуудлаар зөвшилцөлд хүрсэн байна. Дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр орны удирдагчид цөмийн зэвсэгтэй ядуу буурай орон Умард Солонгосын шилжилтийн нөхцөл байдалд санаа зовж буйгаа илэрхийлэв. Умард Солонгосын улс төр, худалдааны гол түнш Хятад энэ асуудлаар үг цухуйлгах дургүй бөгөөд энэ удаа ч мөн бусдын хэрэгт хошуу дүрэхгүй гэдэг зарчмыг баримталсан гэж ажиглагчид бичиж байна. Умард Солонгосын худалдаа, хөрөнгө оруулалтын гол түнш Бээжин Пхеньянь эдийн засгийн шинэчлэл хийхийг тэвчээртэй хүлээж байгаа бөгөөд одоогийн эрх баригчдыг сууринд нь байлгах сонирхолтой. Хэрэв Умард Солонгосын коммунист дэглэм нурвал АНУ-ын холбоотон БНСУ Умард Солонгостой нэгдэх зам шулуудна гэж Бээжин таамаглаж байгаа аж. Харин Умард Солонгосын шинэ удирдагч, нялх Ким Чен Ун улс төр, нийгмийн элитүүдээс дэмжлэг авахын тулд Өмнөдтэй харилцаагаа хурцатгаж болзошгүй гэж Сөүл болгоомжилж байна хэмээн ажиглагчид бичжээ.