Нугараач охиныг зодсон багшийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Нугараач охиныг зодсон багшийг шүүнэ

Уран нугараач охиныг зодсон багш Г.Энх-Амгаланг ирэх пүрэв гаригт буюу энэ сарын 12-нд Хан-Уул дүүргийн шүүхэд 10.00 цагаас шүүх тов гарчээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар  зэвсгийн чанартай  зүйл хэрэглэж танхайрсан, бусдын биед хүнд гэмтэл учруулсан, 100.1-т зааснаар байнга зодож тарчлаасан  гэх үндэслэлээр буруутгаж байгаа аж. Түүнд холбогдох хэргийг  Улсын дээд шүүхээс харьяалал тогтоон, өнгөрсөн сарын эхээр Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм. Хэрвээ түүний гэм буруутай нь тогтоогдвол 5-8 жилийн хорих ялаар шийтгэх аж. Хуралд шүүгчээр Х.Нарантуяа, улсын яллагчаар О.Гэрэл нар  оролцох юм байна.

Уг хэргийн талаар эргэн сануулахад, ОХУ-д сарын 1000 ам.долларын цалинтай ажиллуулна хэмээн уран нугараач охиныг эцэг, эхтэй нь тохиролцон авч явсан байна. Тэрбээр 13 настай нугараач охиныг амралтгүй 10 гаруй цаг хичээллүүлж, төмрөөр гуя шилбэ рүү нь цохин, хоолыг нь сойдог байсан гэдэг. Охины аав, ээж цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар уг хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгахад багш н.Энх-Амгалангийн гэм буруутай нь тогтоогдсон байна. Охинд  уран нугаралтын хичээл заахдаа хэрцгийгээр зодож, олон цагаар хичээллүүлдэг байсан  багшид Эрүүгийн хуулийн 181.3 буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан, хүний биед гэмтэл учруулсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа аж. Үүнийг нь хохирогч тал ч нотолж байгаа бөгөөд тухайн үед охины хөл шарх сорвитой болж, нуруунд нь хөхрөлт үүссэн байжээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж