
Уг хэргийн талаар эргэн сануулахад, ОХУ-д сарын 1000 ам.долларын цалинтай ажиллуулна хэмээн уран нугараач охиныг эцэг, эхтэй нь тохиролцон авч явсан байна. Тэрбээр 13 настай нугараач охиныг амралтгүй 10 гаруй цаг хичээллүүлж, төмрөөр гуя шилбэ рүү нь цохин, хоолыг нь сойдог байсан гэдэг. Охины аав, ээж цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар уг хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгахад багш н.Энх-Амгалангийн гэм буруутай нь тогтоогдсон байна. Охинд уран нугаралтын хичээл заахдаа хэрцгийгээр зодож, олон цагаар хичээллүүлдэг байсан багшид Эрүүгийн хуулийн 181.3 буюу зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан, хүний биед гэмтэл учруулсан гэх үндэслэлээр буруутгаж байгаа аж. Үүнийг нь хохирогч тал ч нотолж байгаа бөгөөд тухайн үед охины хөл шарх сорвитой болж, нуруунд нь хөхрөлт үүссэн байжээ.