МАН-ын бүлгийн дарга АН-ыг буруутгав

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлгийн дарга АН-ыг буруутгав

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бус хуралдаан хийж байна. Түүгээр шатахууны үнийн өсөлт, цаг үеийн бусад асуудлаар гишүүд ярилцаж, өчигдөр байгуулсан ажлын хэсгийн дүнг Ерөнхий сайдад танилцуулах ажээ. Бүлгийн хуралдаан хараахан дуусаагүй байгаа ч МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин УИХ-ын Тамгын газрын Хууль сурталчлах албаны студид сэтгүүлчидтэй уулзаж, байр сууриа илэрхийллээ. Тэрбээр  бензин шатахуун, улмаар бусад бараа, үйлчилгээний үнэ өссөнийг улс төрийн нөлөө, шуурхай ажиллагаа дутсан, валютын нөөц, интервенцийг оновчтой бус  хийсэн зэргээс шалтгаалсан хэмээн үзэж буй аж. МАН-ын бүлгийн дарга

Ө.Энхтүвшин,

-“АН Засгийн газраас гарна гэсэн мэдэгдэл хийж, ҮЗХ-ын хурлаар хэлэлцэнэ гэсний дараа шатахуун, бараа үйлчилгээний үнийн асуудал ноцтой боллоо. Үүнийг нарийн судалж үзэхэд өнгөрсөн долоо хоногийн тав дахь өдөр Засгийн газрын Үнэ ханшийг зохицуулах ажлын хэсгийн дарга, Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд  Н.Ариунсан өмнө нь шатахуун импотортлогч компаниудаас үнэ өсгөх тал дээр тавьж байсан саналыг хүлээн авч, АИ-92 бензинийг 1850, дизелийн түлшийг 1885, А 80-ыг 1550 төгрөг хүртэл нэмж болох юм гэсэн зөвшөөрөл өгчээ. Өмнө нь Засгийн газраас өгч байсан чиглэлийг үүгээрээ үл ойшоосон байна. Үүний дараа ШТС-ууд үнээ нэмсэн байна. Шатахуун суурь үнэ учраас бусад бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өссөн. Энэ талаар Засгийн газарт хэлж, арга хэмжээ авах ёстой ажлын хэсэг атал тэгээгүй.

Засгийн газраас гарч байгаа сайд нар ийм үүрэг өгөөд явжээ. Биднээс хойш галав юүлсэн ч яахав гэсэн хандлага гаргасан юм уу гэж бодогдож байна. Даваа гаригийн өглөө УИХ дахь АН-ын бүлэг асуудлыг яриад “Монголбанкнаас болсон байна. Валютын ханшийн өсөлтөөс болжээ” гээд Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулна гэдэг санал тавьж байгаа нь эдийн засгийн асуудлыг улстөржүүлэн бултаж байгаа арга. Санаатайгаар цаанаасаа ийм үйл ажиллагаа явуулж байна гэсэн байр суурийг МАН-ын бүлгийн хэд хэдэн гишүүн гаргалаа. Хамтарсан Засгийн газар нийлсэн юм чинь салж болно. Гэхдээ төрийн ажил нэг минутаар ч тасалдаж болохгүй. Хамтарч хийнэ бүтээнэ гэсэн ажлаа хийж дуусгах ёстой. Үнийн асуудлыг ч, ард иргэдийн аж амьдралыг дээшлүүлэх асуудлыг ч зөвшилцлийн гэрээнд тусгасан. Монгол өрх бүрийн сраны орлогын төвшинг нэг сая төгрөгөөс доошгүй хэмжээнд хүргэнэ гэж заасан. Гэтэл өнөөдөр үнэ ханшийг ингэж өсгөнө гэдэг ерөөсөө Засгаас гарлаа. Үүний дараа дан шүүмжлэгчийн байр сууринаас хандана гэдэг бодлогоор энэ ажлуудыг хийж байгаа юм байна гэсэн дүгнэлт хийхэд хүрч байна” гэлээ.

Валютын ханш шатахууны үнэд нөлөөлсөн байх талтай талаар асуусан сэтгүүлчийн асуултад Ө.Энхтүвшин дарга “Монголбанк валютын зах зээл дээр эрэлт, хэрэгцээг хангах, зохицуулах зарчмаар ажиллалгүй, зөвхөн өөрсдийн тодорхойлсон хатуу ханшаар зохицуулалт хийх гэж оролдсоноос үүссэн гэсэн тайлбар хэлж байгаа. Интервенцийг оновчтой цаг хугацаанд хийж чадсангүй. Үүнээс болж зохиомол эрэлтийг бууруулж чадаагүй байна гэсэн хоёр дүгнэлт хийж байгаа. Монголбанк үүн дээр үүнийг том эдийн засгийн бодлоготой уялдуулж харахгүй бол зөвхөн интервенц юм уу, хатуу ханшаар зохицуулалт хийх гэж оролдсоноос болсон гэж үзэхгүй гэсэн санал хэлж байгаа” гэсэн хариулт өглөө.

Үнийн өсөлтөд олон шалтгаан байгаа ч шаардлагатай арга хэмжээг даруй ав, даамжруулж болохгүй. Үүний тулд Монголбанк, Засгийн газар нягт хамтран ажиллах хэрэгтэй. Хариуцлага алдагсдад хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн чиглэлээр МАН-ын бүлгийн гишүүд ярилцаж буй ажээ. Мөн АН-ын гишүүн эзэнтэй ШТС, АН-ын гишүүн эзэнтэй валют арилжааны төвүүд дээр хамгийн түрүүнд үнийн өсөлт гарсан гэсэн мессеж ч гадуур тарсныг сэтгүүлч асууж байв. “Энэ асуудал анхаарал татаж байгаа” гэсэн хариултыг МАН-ын бүлгийн дарга хэллээ. Монголбанкны ерөнхийлөгчийнг огцруулах талаар АН-аас гаргасан саналын тухайд аль нэг албан тушаалтныг яарч огцруулснаар гэнэт сайхан болохгүй гэдгийг ч хэллээ. Нөөцийн махыг худалдаанд гаргаж махны үнийн өсөлтийг барина гэдгийг мөн хэлж байв. АН-ын сайд нарын оронд МАН сайд томилох, дэд сайдтай байх эсэхийг өнөөдөр тулсан ажил биш гэж үзэж буйгаа Ө.Энхтүвшин дарга хэллээ. АН-ын ҮЗХ хуралдаж шийдвэрээ яаж гаргахаас шалтгаална гэж байлаа. АН-ын сайд нар албан ёсоор өргөдлөө өгсний дараа Засгийн газрын асуудлыг ярина гэсэн юм. Бүлгийн хуралдаан үргэлжилж байна. Үүний дараа Ерөнхий сайд сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж