О.Магнай нарыг дахин шалгахыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

О.Магнай нарыг дахин шалгахыг хүсчээ

2008 оны долдугаар сарын 1-ний үймээнийг зохион байгуулсан, өдөөн хатгасан хэргээр шалгагдаж байсан Б.Жаргалсайхан, Ж.Батзандан, О.Магнай нарын асуудал дахин сөхөгдлөө. Тухайлбал, 2008 оны долдугаар сарын 01-ний үймээний үеэр үүрэг гүйцэтгэж яваад гэмтэж бэртсэн цагдаагийн алба хаагчид, гэмтсэний улмаас амиа алдсан цагдаа нарын ар гэрийнхэн үймээнийг зохион байгуулсан гэх Б.Жаргалсайхан, Ж.Батзандан, О.Магнай нарт холбогдох эрүүгийн хэргийг сэргээн шалгуулах талаар хүсэлт гаргажээ. Тэд үймээнийг зохион байгуулсан Б.Жаргалсайхан, Ж.Батзандан, О.Магнай нарын хэргийг прокурорын хяналтын шатанд хууль бусаар хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байгаа юм. Энэ асуудалтай холбогдуулан О.Магнайгаас зарим зүйлийг тодрууллаа.

-2008 оны долдугаар сарын 1-ний үймээнтэй холбоотой асуудал яригдаж байна. Цагдаагийн албан хаагчид энэ хэргийг сэргээн шалгуулах талаар хүсэлт гаргаж байгаа юм билээ. Танд  ямар зүйл ангиар хэрэг үүсгэж байсан бэ?

– Тухайн үед эрүүгийн хууулийн 177-д зааснаар  нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг  буюу зандалчлах,  179 буюу  нийтийн эмх замбараагүй байдал бий болгосон гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байсан. Ингээд 2009 оны долдугаар сарын 9-нд батлагдсан Өршөөлийн хуульд 179 буюу  нийтийн эмх замбараагүй байдал бий болгосон гэдэг нь хамрагдаж,  177 дугаар зүйл анги буюу зандалчлах гэдэг зүйл анги нь хэрэгсэхгүй болж, энэ хэрэг прокурорын хяналтын шатнаас хэрэгсэхгүй болсон юм.

-Таныг Тагнуулынхан дуудаж, жагсаал цуглаан зохион  байгуулахгүй  гэдэг гарын үсэг зуруулсан гэсэн үү?

-Гарын үсэг зуруулсан нь үнэн. Төрийн эрхийг хууль бусаар авахыг гэмт хэрэг гэдгийг сануулж, гарын үсэг зуруулсан.

Цагдаагийн албан хаагчид болон ар гэрийнхэн нь “Б.Жаргалсайхан, Ж.Батзандан, О.Магнай нарын хэргийг  хяналтын прокурор Т.Жадамба хууль бусаар өршөөлд хамруулж, хэрэгсэхгүй болгосон” хэмээж буй. Тиймээс энэ талаар мөн нийслэлийн Прокурорын газрын мөрдөн шалгах  хоёрдугаар хэлтсийн дарга Т.Жадамбаас тодрууллаа.

-Б.Жаргалсайхан, Ж.Батзандан, О.Магнай нарын хэргийг  сэргээн шалгах хүсэлтийг цагдаагийн албан хаагчид гаргасан. Таныг хууль бусаар хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж дурдсан байна л даа?

-Нийтийн эмх замбараагүй байдал бий болгосон гэдэг нь хүндэвтэр гэмт хэрэгт хамаардаг. Хүндэвтэр гэмт хэргийг  өршөөлийн хуульд хамруулах боломжтой. Энэ хэрэг шалгагдаж байх явцад өршөөлийн хууль гарсан. Өршөөлийн хуульд  гаргасан нь хууль бус  гэж үзвэл миний шийдвэр хууль бус болох байх. Харин 177 дугаар зүйл  нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг  үйлдсэн нь тогтоогдоогүй учир хэрэгсэхгүй болсон. Зандалчлах гэдэг бол огт өөр ойлголт. Энэ асуудлыг хуулиараа энэ зүйл ангид хамааруулахгүй.

-Тэдний хэргийг дахин шалгуулах хүсэлт гаргаж байгаа асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Хэн ч ийм гомдол гаргаж болно. Гомдлыг дахин шалгах үндэслэлтэй эсэхээс  дараагийн асуудал яригдах байх. Хуулийн хүрээнд  л ажилласан.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж