Монголбанк нефть импортлогчдыг буруутгав

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Монголбанк нефть импортлогчдыг буруутгав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж валютын нөөцийн талаар мэдээлэл хийлээ.

Монголбанкны хувьд нийт 2.8 тэрбум ам.долларын нөөцтэй байснаас 290 сая ам.долларыг нь валютын ханшийн чангаралтыг бууруулах зорилгоор зарцуулжээ. “Зах зээлд үүсээд байгаа эрсдлийг даван туулахад энэхүү нөөц хүрэлцэхгүй болох талтай. Тиймээс арвилан хэмнэлтэд шилжсэн” хэмээн тэрбээр тайлбарлав. Гэхдээ цаашид валютын ханш тогтворжино гэхэд баттай ам өгч чадахгүй сууна.  Энэ нь ч гаднаас шалтгаалах хэд, хэдэн шалтгаантай холбоотой аж. Нэгдүгээрт, Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл асар их алдагдалтай гарч байгаа. Хоёрдугаарт, манай улсын эдийн засаг импортын хэт их нөлөөнд автсан. Уул уурхайн их ажлыг дагаад гаднаас асар их валют орж ирдэг ч тэр нь буцаад гадагшилдаг. Мөн аж ахуйн нэгжүүд бүтээн байгуулалтын энэ их ажилтай холбоотойгоор техник технологи худалдаж авахаас эхлүүлээд асар их валютыг гадагш цацдаг байна.

Түүнчлэн, дэлхийн нийтийн жишгээр сонгууль болох жил гадны хөрөнгө оруулалт багасдаг. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтаар дамжуулж энэ онд валют орж ирнэ гэж харвал бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэдэг болох бололтой. Нөгөө талдаа Европын эдийн засаг ойлгомжгүй, хямарч болзошгүй байгаа.  Түүнийг дагаад Хятадын эдийн засгийн өсөлт удааширсан. Энэ бүх шалтгааны улмаас Монгол Улсын эдийн засаг эмзэг байдалд шилжжээ.

Харин УИХ-ын гишүүдийн хувьд “Хоёр сарын өмнө чуулганаар Төрөөс мөнгөний талаар баримтлах 2012 оны бодлогыг хэлэлцэж байхад Төв банкны ерөнхийлөгч өөр зүйл яриад сууж байсан. Тухайлбал, гадаад валютын нөөц ханалттай, манайхыг чиглээд асар их валют орж ирж байна гэж… Гэтэл өнөөдөр байр суурь нь эргэчихсэн, валютын өнөөгийн нөөцөө асар ихээр зах зээлд нийлүүлж болохгүй. Хэмнэх байдлаар бага багаар нь гаргана. Нөөц ч ер нь тааруу байна гэх маягтай зүйл яриад сууж буйг юу гэж ойлгох вэ” гэсэн асуудлыг хөндлөө.

Төв банкны ерөнхийлөгчийн хувьд энэ асуултад “Дэлхий дахин хэмнэх байдалд шилжээд байгаа. Түүнийг Монгол Улс сөрөх аргагүй. Яагаад гэвэл төсөв хэтэрхий том. Тэгээд ч байр суурь нэг их өөрчлөгдчихөөд байгаа юм биш. Инфляцийн дарамт 2012 онд 2011 оныхоос ч өндөр байх нь байна шүү гэдгийг удаа дараа сануулсан. Бүр сануулахын дээдээр сануулж байсан. Энэний цаана валютын ханшийн чангаралт явж байсан. Задалж яриагүй л болохоос биш. Тиймээс ч төсвийнхөө зардлыг бууруулаад өгөөч гэдэг хүсэлтийг ч тавьж байсан” гэсэн хариулт өглөө.

Мөн Монгол Улсын хувьд энэ онд хүндхэн сорилт тулгарч байна. Инфляцийн асар их дарамтыг бууруулахын тулд төв банк бодлогын хүүгээ чангатгана. Төв банк бодлогын хүүгээ чангаруулангуут арилжааны банкуудын зээлийн хүү өснө. Тэр хэрээр зээл гадагшлахад хүндрэлтэй болж, бодит эдийн засгийг дэмжих бодлого үр дүнд хүрэхгүй болох нөхцөл рүү түлхэж буй аж. Нөгөөтэйгүүр, сонгууль болохтой холбоотойгоор асар их бэлэн мөнгийг иргэдийн гар дээр бэлнээр тараана. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болоод ахмад настнуудад цагаан сарын өмнө 1 сая төгрөг бэлнээр олгохоор болоод буй. Энэ нь мөн л инфляци дагуулна. Цаашдаа Монгол Улс бодлогодоо анхаарахгүй бол баялаг үйлдвэрлэхгүй, татвар төлөгчдийнхөө өгсөн мөнгийг энэ мэтээр тараах, эсвэл халамж байдлаар шууд цацдаг. Бүр гадаадын хөрөнгө оруулагчдаас урьдчилгаа төлбөр авч байгаад ард түмэндээ тараачихдаг. Тэр бэлэн мөнгө нь буцаад Хятадын эдийн засгийг дэмждэг. Уул уурхайн их баялгийг дагаад асар их валют гаднаас орж ирж байна гэдэг ч буцаад гадагшилчихдаг. Энэ бүхэн нь эдийн засгийг улам хэврэгшүүлэх болсон. Тиймээс энэ бүхэнд дүгнэлт хийж төсвөө эргэн харахгүй бол хүндрэл ойрхон байна гэдгийг төв банкны ерөнхийлөгч онцолоо. Энэ төлөвөөр бол төсөвт байгууллагад ажиллагсдын цалин ирэх хоёрдугаар сарын 1-нээс эхэлж нэмэгдүүлэх тухай асуудал лөөлөө болж мэдэх янзтай. Гэхдээ одоогоор талууд энэ тухай хэн нь ч үг унагаагүй байгаа юм.

Төв банкны зүгээс мэдэгдсэн хоёр дахь асуудал нь валютын ханшийн өсөлтөөс шалтгаалж нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөөгүй, харин нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалж, валютын ханш чангарсан гэх тайлбар юм. Гол үндэслэлээ тэд “Хоёр жилийн өмнө ам.доллар 1450 байхад, нэг литр шатахуун 1200 төгрөгийн үнэтэй байсан. Өнгөрсөн баасан гаригт доллар 1450 хүрэхэд нэг литр шатахууныг 1900 төгрөгт хүргэсэн. Дэлхийн зах зээлд түүхий нефтийн үнэ одоо 96 ам.доллар, хоёр жилийн өмнө 76 ам.доллар байсан. Өөрөөр хэлбэл, манайд нефтийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлийн үнийн өсөлтөөс 60-70 хувь өндөр байгаа. Засгийн газраас татваруудаа 0 болгочихоод байхад шүү. Мөн хоёр жилийн өмнө ам.доллар 1450 болоход нефть импортлогч нар бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөсөн хэрнээ долларын ханш 1200 ам.доллар руу буухад газрын тосныхоо үнийг буулгаагүй. Энэ мэтчлэн нефть импортлогчдын даварсан үйлдлээс болж зах зээлд ам долларын үнийн хөөсрөл бий болж, тэр нь эцэстээ хэрэглэгчдийн нуруун дээр үнийн дарамт үүсгэж байна” гэдэг тайлбарыг ч Монголбанкнаас өглөө. Ингэж үзэх үндэслэл ч бас байна, учир нь өнгөрсөн тав дахь өдөр болсон үйл явдлын тухайд нефть импортлогчдын хувьд шинэ үнээр хойд хөршөөс татсан нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэлгүй  хуучин  дээрээ үнэ нэмсэн. Дээр нь ам.долларын ханш буухад буцаагаад үнээ буулгадаггүй дүрмийг нефть имортлогч нар баримталдаг нь монголчууд дэлхийн зах зээлийн үнээс даруй 60-70 хувийн өсөлттэй бүтээгдэхүүн хэрэглэхэд хүргэдэг байна. Тиймээс Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрынхан нефть имортлогчдод тавих хяналтаа чангатгахгүй бол горьгүй нь бололтой.

Хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүд “Гадагшилж байгаа их валютын урсгалыг сааруулахын тулд татвараа нэмэх ёстой” гэсэн зөвлөмжийг төв банкинд өгсөн юм. Төв банкны ерөнхийлөгч ч санал нэг байгаагаа мэдэгдсэн. Тиймээс гадаад руу их хэмжээгээр валют гадагшлуулах нөхцөлд оногдуулдаг татварт өөрчлөлт орж мэдэхээр болж байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж