Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Эрдэс баялаг, эрчим
хүчний дэд сайд Б.Ариунсан нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлттэй
холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Түүний тайлбарласнаар
валютын ханш тогтмол чангарч, өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт
Монголбанк хаалт хийхэд ам.доллар 1433-т хүрсэн тул нефть импортлогч нар
үнээ нэмэхээс аргагүйд хүрлээ гэж мэдэгдсэний дагуу тэдний төлөөлөлтэй
уулзжээ. “Импортлогчдын хувьд нефтийн бүтээгдэхүүний үнийг литр тутамд
нь 300 төгрөгөөр өсгөх санал тавьсан байна. Ингээд өнгөрсөн баасан
гаригийн 22.00 цагаас эхлэн нэр бүхий компанийн шатахуун түгээх станцууд
үнээ нэмсэн. Улмаар бямба гаригт мөн компаниуд үнээ нэмээд, үлдсэн хоёр
компани нь өчигдөр нефтийн бүтээгдэхүүний үнээ 200-250 төгрөгөөр
өсгөсөн” хэмээн тэрбээр тайлбарлав.
Харин УИХ-ын гишүүн
С.Бямбацогт “Монголбанкныхан мэдээлэл хийхдээ нефтийн бүтээгдэхүүний
үнийн өсөлтөөс болж, валют чангарсан” гэж хэлсэн. Та бүхэн “Валютын
ханшийн чангаралтаас болж нефтийн бүтээгдэхүүний үнэ өссөн” гэж эсрэг юм
ярьж байна. Тийм юм бол яахаараа хоёр жилийн өмнө ам.доллар 1450
төгрөг байхад шатахуун литр нь 1200 төгрөгийн үнэтэй байсан юм бэ.
Өнөөдөр ам.доллар 1450 төгрөгтэй тэнцэхэд литр шатахууны үнэ 1900 төгрөг
болчихоод байна. Дээр нь Онцгой албан татвар, Гаалийн татвар гээд
төрийн бүх зохицуулалтыг 0 болгочихсон. Тэгсэн хэрнээ бас болоогүй
НӨАТ-ыг хөнгөлвөл нефтийн бүтээгдэхүүний үнийг буулгаж болох талтай гэх
юм яриад сууж буйг чинь юу гэж ойлгох вэ” гэлээ.
УИХ-ын гишүүн
Д.Ганхуягийн хувьд ч санал нэгдэж, “Засгийн газрын гишүүн хүн байж нефть
импортлогчдын төлөөлөл шиг юм яриад сууж байгаа чинь утгагүй байна.
Хэрвээ тэдний талд юм бол импортлогч нарын ажлыг хий, гүйцэтгэх
засаглалын төлөөлөл юм бол сайдынхаа ажлыг хий” гэсэн бол УИХ-ын гишүүн
Я.Батсуурь “Нефть импортлогчид үнэхээр энэ ард түмнээр тоглож дууслаа.
Сонгууль болохын өмнө 2008 онд яаж золигтож байлаа. Нефтийн
бүтээгдэхүүний үнээ өсгөөд, төрөөс татаас өгөхгүй бол үнээ буулгахгүй
гэсэн. Тэгэхэд нь Засгийн газраас арга буюу есөн тэрбум орчим төгрөгийг
төсвөөс гаргаж нефть импортлогчдод өгч байсан. Дараа нь тэр мөнгө
сонгуулийн мөнгө болж хувирсан гэж дуулдсан. Одоо яг түүн шиг юм болох
нь. Удахгүй Засгийн газар аягүй бол “Нефть импортлогчдод татаас болгож
10 тэрбум төгрөг олгохгүй бол бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулахгүй нь”
гэдэг юмыг УИХ-д бариад ороод ирэхийг үгүйсгэхгүй. Ер нь төр нефтийн
импортоо гартаа аваад жижиглэн худалдааг нь өнөөгийн импорт хариуцаж
байгаа компани хариуцдаг болох цаг болсон. Алийн болгон төрөөс хамаг
татварыг нь тэглэж өгөөд байхад, үнээ буулгахгүй дэлхийн зах зээлийн
үнийг хоёр дахин нугалсан үнээр иргэдийг дарамталж, төрийг ч мэрж байх
ёстой” юм бэ гэв.
Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдын
тайлбараар бол төр нефтийн бүтээгдэхүүний импортоо гартаа аваад,
жижиглэн худалдааг нь компаниуд хариуцдаг байх нь эцсийн дүндээ
хэрэглэгч дээр очих үнийн дарамт буурна гэж үзэж байна.
Ер нь
энэ үеэр гишүүд Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг ажлаа хийж
чадахгүй байна гэдгийг ч хурцаар шүүмжиллээ. Нефть импортлогч нар
өнөөдөр бүтээгдэхүүнийхээ үнийг литр тутамд нь 230-260 төгрөгөөр
өсгөчихөөд сууж буй. Энэ үнэ үнэхээр бодитой юу гэдэг дээр судалгаа хийх
ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл юу ч хийгээгүй сууж байгаа нь ажлаа хийж
чадахгүй байгаагийн илрэл. Бэлээхэн эрх зүйн зохицуулалтыг нь тусгаад
өгсөн байхад гараа хөдөлгөхгүй сууж буй нь ажлаа хийж чадахгүй
байгаагийн илрэл гэх хатуухан үгийг ч чулуудахад хүргэсэн юм.
Газрын
тосны газрын даргын тайлбараар бол Монгол Улсад өнөөдөр 31 мянган тонн
нефть байна. Харин улсын нөөцийн хувьд хоёр хоногт хүрэлцэх хэмжээний
нефтийн бүтээгдэхүүн хойд хөршөөс татахаар гэрээ хэлцлээ байгуулсан.
Удахгүй ачилт хийгдэнэ гэлээ. Өнгөрсөн хавар нефтийн хомсдол үүсэхэд
түүнээс сургамж авч Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэхээр
болж төсөвт 18 тэрбум төгрөгийн хөрөнгө суулгасан юм байна. Түүнээс
эхний ээлжинд таван тэрбум нь орж ирсэн. Үүгээр 2.8 мянган тонн газрын
тосны бүтээгдэхүүн худалдаж авч нөөцлөхөөр шийдсэн нь энэ аж. Сангийн
яамнаас үлдсэн 13 тэрбум төгрөгийг шилжүүлчихвэл түүгээр мөн нөөц
бүрдүүлэх гэнэ.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.