Энэтхэгт ирвэсийн дайралт болжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Энэтхэгт ирвэсийн дайралт болжээ

Энэтхэгийн Ассам мужийн Гувахати хотод болсон зэрлэг ирвэсний дайралтын улмаас нэг хүн нас барж, хэд хэдэн хүн гэмтжээ.

Гувахатигийн ард иргэд сүүлийн үед террорист халдлага болон тэсрэх бөмбөгний дэлбэрэлтэд өртөөд байсан бол гэнэтхэн ирвэсний дайралт болсон нь олон нийтийг улам цочирдуулаад байна. 

Уг ирвэс нь бямба гаригт хотын цогцос чандарладаг газрын ойролцоо анх үзэгдсэн байна. Тэр үед Их Хурлын Намын даргын хүүгийн оршуулгын үйл ажиллагаа явагдаж байсан бөгөөд оршуулгад хүрэлцэн ирсэн хүмүүсийн ихэнх нь төрийн түшээ болон өндөр албан тушаалтнууд байсан учир хамгаалалтынхан ирвэсийг тус газраас хөөн явуулсан байна. Гэтэл ирвэс тэндээсээ Шилпүкүри оршин суугчдын бүс рүү очсон аж.

“Бүсийн иргэд мод, ташуураар ирвэсийг хөөх гэж оролдсон боловч уурссан араатан хүмүүс рүү дайрч эхэлсэн” хэмээн болсон явдлыг харсан гэрч хэлсэн байна.  Ирвэс Дэб Кумар Дас гэгч 50 настай иргэн рүү эхэлж дайрсан бөгөөд тэрээр шууд эмнэлэгт хүргэгдэн, эмчилгээ хийлгэсэн боловч зовиураа дийлэлгүй нас баржээ. Мөн дайралтад өртсөн нэг хүний хуйх  хууларсан байна. Ингээд хэрэг мандсаны дараа  Байгаль орчны яамны мэргэжилтнүүд ирж, зэрлэг араатныг барьжээ. Ирвэсийг хэсэг хугацаанд Гувахати зоо паркт байлгаж байгаад байгальд тавьсан байна. Байгаль орчны яамны мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хүмүүс зэрлэг амьтдын амьдрах орчинд хэт ойртож байгаа нь ийм явдал гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлж буй аж.

Э.Мөнхсайхан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж