Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

“Техасын даруухан жаахан охиноос дэлхийн тавцанд хүлээн зөвшөөрөгдсөн од болон гялалзсан түүхийн эзэн” хэмээн Пийрс Морган энэ удаагийн зочноо тодотгов. Энэ хүн бол дуучин Бёонсе. Охин төрүүлж, ээж болоод хэдхэн хонож байгаа дуучин бүсгүй 2011 оны зургадугаар сард CNN-ийн шууд ярилцлагын зочноор уригдсан бөгөөд тэрхүү ярилцлагыг өнгөрөгч арванхоёрдугаар сарын 31-ний үдэш давтан гаргасан билээ. Уг ярилцлагыг товчлон хүргэе.

Өчигдөр та Гластонбюригийн наадамд 175 мянган үзэгчийн өмнө дуулсан. Ийм олон үзэгчийн өмнө анх удаа гарсан гэсэн. Ямархуу сэтгэгдэл төрсөн бэ? Тайзан дээрээс далайн ус мэт давалгаалсан тэр их хүмүүсийг хараад юу бодогдсон бэ?

-Тайзан дээр гарахаасаа өмнө маш их айсан. Үнэхээр их сандарсан. Тэгээд тэнд 175 мянган хүн байгааг март гэж өөртөө хэлсэн. Хоёр өдрийн өмнө тоглосон шоугаа тоглох гэж байгаа юм шиг л, ер нь үргэлж л ийм том тоглолт хийж байдаг хүн шиг царайлахыг хичээсэн. Тэгээд бүгдээрээ хамтдаа залбирсан. Би өөртөө “Би бол дива. Үүний төлөө маш шаргуу хөдөлмөрлөсөн. Ийм олон хүний өмнө гарч дуулах эрхтэй хүн” гэж хэлж зоригжуулсан. Тайзан дээр гараад эхний хэдэн хором сандраад зүгээр болсон.

-Чиний хэлсэн үг таалагдлаа. “Би бол дива” гэдэг чинь. Энэ үгээ их бахархалтайгаар хэлж байна шүү.

-Тийм ээ.

Их олон хүн “Би бол дива” гэж хэлэхээсээ зовдог. Гэтэл та тэгсэнгүй.

-Жинхэнэ дива гэж хэлж болох олон хүнтэй би уулзаж явсан. Патти Ла Бел, Тина Турнер гээд л.

Би таныг өчигдөр тоглолтон дээрээ өмссөн хувцастайгаа энд ирэх байх гэж бодож байлаа. Үнэндээ хувцас гэхээсээ усны өмсгөл шиг эд байсан л даа.

-Үгүй ээ, тэр бол хувцас. Гэхдээ тайзанд зориулсан хувцас. Тайз өөрийн аура, сэтгэл зүйтэй. Харин энд бол өөр.

Та тэгээд энэ хувцсаа яаж сонгов доо?

-Би өглөө хэд хэдэн хувцас өмсөж үзээд үүний өнгө нь таалагдаад сонгочихлоо.

Яг хэдийг өмсөж үзсэн бэ? Хэл л дээ.

-Хоёрыг. Улаан хослол өмсөж үзсэн ч энэ даашинзыг сонгосон. Улбар шар өнгө намайг аз жаргалтай болгодог.

Дөрөв дэх цомгоо гаргах гэж байгааг чинь дуулаад би таныг ямар шаргуу хөдөлмөрч хүн бэ гэж биширсэн. Эцэг эх чинь таны төлөө яаж цуцалтгүй хөдөлмөрлөж байсан шиг өнөөдөр та үнэхээр их хөдөлмөрлөж байна. Эргээд бодоход тэнэ амьдралаас өөрийнхөө ямар талыг нээж олов?

-Өөрийнхөө тухай олон зүйлийг олж мэдлээ. Хамгийн том нь гэвэл тайзан дээр дуулах хязгааргүй их хүсэлтэйгээ мэдэрсэн. Өөрөөр хэлбэл би хийж байгаа зүйлдээ үнэхээр дуртай. Дуулаад л, дуулаад л. Хэдэн дуу дуулж байгаагаа хэзээ ч тоолдоггүй. Яагаад гэвэл би энэ ажлыг хийх гэж л төрсөн юм чинь. Өөр нэг сурсан зүйл маань тэнцвэр. Өөртөө цаг гаргах ямар чухал гэдгийг ойлгосон. Би зогсоо чөлөөгүй ажилласан байсан. Өөрийгөө 16 Грэми авна гэж зүүдлээ ч үгүй.

-Хэчнээн их амжилттай урагшлах тусам өөртөө зарцуулах, амарч зугаалах зав төдий чинээ хомс болдог.

-Яг үнэн.

Тэгвэл энэ дэлхий дээр хамгийн ихээр таашаал авч зугаацсан  зүйл чинь юу вэ?

-Би маш энгийн зүйлээс сэтгэлийн таашаал авдаг. Ахынхаа хүүхдийг сургуулиас нь авах, зүгээр л нэг аялж, музей, балет үзэж, онгоцон дотор хүмүүстэй яриа дэлгэх ямар сайхан гээч.

Нээрээ юү?

-Зүгээр л энгийн, жирийн амьдрал…

Тан шиг хүний хажууд онгоцонд сууж явах завшаан надад яагаад тохиодоггүй юм бол оо? Та аяллынхаа хуваарийг надад өгөөч. Дараагийн нислэг чинь хаашаа, хэдийд вэ?

-Тэгье ээ.

Та тэгээд онгоцонд суугаад танихгүй хүнтэй яриа дэлгэдэг гэж үү дээ?

-Тийм ээ. Таны хэн бэ гэдгийг хүмүүс мэдэхгүй байх хэчнээн сайхан.

Тэгвэл хүмүүс “Та юу хийдэг вэ?” гэж асуухад нь юу гэж хариулдаг вэ?

-Тэгж асуудаггүй шүү дээ. Лав л өнөөдрийг хүртэл. Би нээрээ пирамид дээр очиж орой дээр нь гарч дуулсан.

Таныг нэг пирамидын орой дээр нь гарч “Ава Мария”-г дуулахад дэлхий даяар цуурайтах шиг болсон гэж сонссон.

-Ямар гайхалтай байсан гээч. Ийм завшаан таарна гэж хэн мэдлээ. Би тэнд гэр бүлийнхэнтэйгээ хамт явж байсан юм.

Жэй-З та хоёрыг тэнд дурсгал болгож нэг пирамид босгож байгаа гэж сонссон. Энэ цуурхал уу?

-Ёстой догь цуурхал байна.

Би дөнгөж сая зохиосон юм.

-Тийм байх аа. Би ер сонсоогүй байсан юм.

Та хүүхэд байхдаа өөрийгөө од болно гэж боддог байв уу?

-Үгүй ээ. Би тэгж боддоггүй байсан. Харин тайзан дээр байхдаа л аз жаргалтай байна гэдгээ мэддэг байлаа. Гэхдээ би их ичимхий охин байсан. Дуу муутай. Ээж маань үсчний салонтой байсан. Тэнд өнжинө. Яагаад гэвэл би томчуудын дунд байх дуртай байсан юм. Томчуудын ажил хэрэгч яриаг өдөржин чагнаж өнждөгсөн. Дараа нь ээж маань намайг бүжгийн хичээлд явуулсан. Би ухаангүй дуртай байлаа. Дараа нь намайг тайзан дээр бүжиглэхийг хараад ээж маань яг л диваажинд байгаа юм шиг болсон гэсэн. Тэгэхэд би өөрийгөө бүрхсэн хуягнаасаа гарч ирсэн юм. Өөрөө өөрөөрөө байх үе маань эхэлсэн.

Гэтэл өнөөдөр таныг тайзан дээр байхыг чинь харахад тан шиг өөртөө бат итгэлтэй гайхалтай эрч хүчтэй хүн ховор байна. Энэ хүчийг хаанаас олж авдаг байна аа? Өөрийгөө бүрхсэн энэ гайхалтай аураг яаж бий болгов?

-Мэдэхгүй. Гэхдээ би ичимхий байхаа больсон. Одоо ч олон хүн над руу хараад, олон хүн юм асуугаад ирвэл ичиж, сандардаг. Гэхдээ тайзан дээр өөр. Тайз бол миний байх ёстой газар. Өөрөөрөө, эрх чөлтөөтэй байж чадах газар маань. Өөрийгөө хянаж, биеэ барьдаггүй, ямар харагдаж байгаа бол гэх зэргээр хэзээ ч боддоггүй. 15 жил тайзан дээр дуулж байна. Тайзан дээр гарах бүртээ би хөөрч баярладаг.

Даруухан байх, хэн гэдгээ үргэлж санаж байхыг эцэг, эх чинь танд гүн гүнзгий ойлгуулж өсгөсөн шиг санагддаг юм.

-Үнэхээр тийм. Ээж маань хоногт 13 цаг ажилладаг байсан ч ч гомдоллож, үглэж байгаагүй. Хөлөө хавагнатал л ажилладаг байсан. Харин аав маань үнэхээр амжилттай бизнес хүн байсан. Юу л хийнэ гэвэл хийдэг, юу л авна гэвэл түүнийгээ авдаг. Тэр зорьсондоо хүртэл ажиллаж чаддаг хүн байлаа. Тийм болохоор тэр надад “Болохгүй, бүтэхгүй зүйл гэж ердөө байдаггүй” гэж сургасан.


Энд хүртэл ээж чинь тантай хамт ирчихсэн тэнд зогсож байна. Таныг “хамгаалах” гээд. Таныг хаашаа ч явсан тэр хамт явдаг уу?

-Тийм ээ.

Ээжийн чинь танд суулгаж өгсөн үзэл бодол гэвэл?

-Гоо сайхан гундаж алга болно. Харин сэтгэл дотроо чи хэн бэ гэдэг хэзээ ч арилахгүй гэдгийг тэр надад сургасан. Хэлсэндээ хүрдэг, хүрэхийн төлөө хөдөлмөрлөж чаддаг хүн бай гэж тэр бас сургасан.

Нэр алдартай болж эхэлснээс чинь хойш тэр танд хамгийн ихээр уурласан тохиолдол хэзээ вэ?

-Намайг 15-тай байхад. Би тэгэхэд нэг дуу радиод бичүүлж байсан юм. Ээж надтай хамт тэнд очсон л доо. Өөрийгөө их лут хүн болчихлоо гэж бодож эхэлсэн үе. Ээжийг баахан юм яриад байхаар нь сонсмооргүй санагдаад шууд дуулаад эхэлчихгүй юү. Би дуулаад л, тэнд хүмүүс намайг тас ширтээд л. Би өөрийгөө том дуучин болчихсон гэж бодоод л. Гэтэл ээж намайг тас хийтэл алгадаад студиэс аваад гарсан.

Хөөх, нээрээ юү?

-Тэгээд намайг машиндаа чирч суулгасан. “Чиний хэн болох, ямар дуу дуулах чинь ер хамаа байхгүй. Чи бол миний хүүхэд. Намайг хүндлэхгүй байвал би чамайг хэзээ ч уучлахгүй” гэсэн. Том сургамж болсон доо.

Ээж чинь хэзээ гундаж унахгүй гоо сайхныг танд үнэхээр өгч чаджээ. Нээрээ шүү. Тэр гоо сайхныг би таны нүднээс олж харж байна.

-Ээж маань маш хүчирхэг хүн. Миний хамгийн сайн найз.

Орчуулсан Б.ЦАЦРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж