Монголын эрдэмтэн Антарктидад ажиллаад ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

Монголын эрдэмтэн Антарктидад ажиллаад ирлээ

Монгол, Болгарын Засгийн газар хоорондын хамтран ажиллах гэрээний хүрээнд ШУТИС-ын Геологи, газрын тосны сургуулийн багш, профессор Л.Дүгэржав хоёр сарын турш Антарктидад судалгааны ажил хийгээд эх орондоо иржээ. Тэрбээр өнөөдөр Антарктидад  хийсэн судалгааны ажлынхаа талаар хэвлэлийнхэнд танилцууллаа.

Профессор Л.Дүгэржав Антарктидын Ливингстоны арал дахь Болгарын бааз дээр судалгааны ажил хийжээ. Экспедицийн хүрээнд Ливингстоны арлын зарим хэсэгт 1:5000 масштабын геологийн дөрвөн лист зургийг эцсийн хувилбараар дуусгаж, тоон хэлбэрээр бэлтгэж хэвлүүлэхэд бэлэн болсон байна. Мөн Антарктидын глобал цаг уурын өөрчлөлтийг судлах Европын холбооны төслийн хүрээнд цэвдгийн хэмийн өөрчлөлтийг хэмжих цооногуудын материалыг нэгтгэх, цаашид үргэлжлүүлэх ажилд оролцсон байна. Энэ нь “Монгол орны цэвдгийн өөрчлөлт ба глобал цаг уурын өөрчлөлт” сэдэвт суурь судалгааны  ажлыг эхлүүлэхэд түлхэц болох аж. Энэхүү эскпепиц нь Монгол Улс Антарктид судлалд өөрийн оролцоог нэгэнт бий болгосон, судалгаа шинжилгээний үндэсний болон олон улсын хөтөлбөр программуудад ажиллах боломжтой  болсны илрэл гэдгийг онцолж байлаа. Энэхү ажлыг ШУТИС-д түшиглэн геологи, гидрогеологи, цэвдэг судлал, микробиологи, цаг уурын болон бусад мэргэжлийн хүрээнд ажиллах өөрийн баазыг Антарктидад бий болгох,  үндэсний баг байнга ажиллах боломж байгаа аж. Судалгааны ажлыг  танилцуулах үеэр профессор Л.Дүгэржавтай уулзаж цөөн хором ярилцлаа.

-Таны ажилласан багт нийт хичнээн орны судлаач ажиллав. Судалгааны ажлын зорилго юу вэ?

-Арав гаруй орны судлаач оролцсон. Энэ багийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас би оролцоод ирлээ. Судалгаа хийсэн газартаа 20 гаруй хоног  ажилласан. Ерөнхийдөө хоёр сарын хугацаанд явсан. Дэлхийн цаг уурын  өөрчлөлтийн судалгааны ажлыг хийж байгаа. Үүний хүрээнд би дэлхийн температурын өөрчлөлт, геологийн зураглал хийх ажлыг гүйцэтгэсэн. 

-Антарктидад хэдэн хэмийн хүйтэн байна?

-Антарктид тивийн жилийн дундаж температур -50 хэм, дээд тал нь -90 хэм хүрдэг. Зуны улиралд нь эрэг хавиараа хүн амьдрах боломжтой, далайн уур амьсгалын нөлөөгөөр зарим нартай өдөр 0 хэм хүрэх жишээний байдаг.

-Таны хувьд өмнө нь хоёр удаа Антарктидад очиж байсан гэсэн. Энэ удаагийн судалгааны ажил юугаараа онцлог байв?

-Хамгийн эхлээд явахад ойд төөрсөн сармагчин шиг л явж байгаа юм. Дараа дараагийнх мэдээж туршлагатай болно. Онгоц машин явахгүй, ертөнцийн нэг туйлд 25 мянган км зам туулж очно гэдэг амаргүй. Дөрвөн тив, гурваас дөрвөн далай гаталж  тэнд хүрдэг. Одоо бол юу хийхээ мэддэг болсон, хийж байгаа ажил маань цэгцтэй болсон. Энэ удаа  би  судлаачдын багийг ахалж явсан гэдэг утгаараа онцлог байлаа. ШУТИС-ын судлаачдаас бүрдсэн 2-3 хүний бүрэлдэхүүнтэй багаар  явахаар 2012, 2013 оны судалгааны ажлаа төлөвлөсөн.

-Монголын баазыг тэнд байгуулах тухай яригдаж байна. Энэ ажил хэдийнээс хэрэгжих боломжтой вэ?

-Барина гэсэн л бодолтой байгаа. Тэнд үйл ажиллагаа нь зогссон баазууд бий. Бааз байгуулна гэдэг  хөрөнгө шаардсан ажил. Антарктидад нийтдээ 34 орны 43 бааз үйл ажиллагаа явуулж байгаа.

-Антарктидад ажилласан гэхээр хүмүүс  судалгаа хийсэн гэхээсээ илүү адал явдалтай аялал гэж ойлгодог. Судалгаа хийж байгаагийн зорилго юу вэ?

-Антарктидад амьдрах орчны судалгаа хийдэг. Ирээдүйд тэнд хүн хэрхэн амьдрахыг судалж байна. Геологийн зураглал хийгээд ашигт малтмал  байна уу, түүнийг ашиглаж болох эсэх, дэлхийн цаг уурын дулаарал, ирээдүйд хүмүүс хүйтэн газар амьдрах шаардлага гарах зэргийг л судалдаг. Одоогоор тэнд сонирхсон хүн очоод байх боломжгүй.

-Монгол гэр авч явсан гэсэн. Тэндхийн цаг уурт тохирч байна уу?

-Манай найз хоёр хүн багтах зайтай гэр өгсөн юм. Түүндээ амьдарч байлаа. Мэдээж майхнаас ялгаатай. Гэхдээ уур амьсгал нь ширүүн учраас салхитэй үед хэцүү.

-Хэзээ дахин Антарктидыг зорих вэ?

-Энэ оны аравдугаар сард гурвуулаа явах төлөвлөгөөтэй байгаа.

Зургийг ЭНД дарж үзнэ үү.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж