ҮЗХ-ны хурал сайд нараа сонсоно

Хуучирсан мэдээ: 2012.01.10-нд нийтлэгдсэн

ҮЗХ-ны хурал сайд нараа сонсоно

Лхагва гаригт товлосон Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны /ҮЗХ/ хурлын сценари юу байхыг хэвлэлүүд нэлээд эртнээс сонирхож, өөр өөрсдийн өнцгөөс таамаглал дэвшүүлж ирсэн юм. Оны өмнөөс л хуралдахаар дуншсан ҮЗХ-ны хурлын тов хойшлох тусам Ардчилсан намын нөхцөл байдал өөрчлөгдсөөр өнөөдөртэй тулж ирлээ.

Энэ удаагийн хурал Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг хамтарсан Засгийн газраас гарахаа мэдэгдсэний дараа болж байгаагийн хувьд халуун сэдвүүдийн хамгийн гол нь түүний мэдэгдэл дээр төвлөрч таарах нь. ҮЗХ-ны хурлаар нэгдүгээрт, намын даргын улс төрийн мэдээлэл, хоёрдугаарт, сайд нарынхаа тайлан, гуравдугаарт, хамтарсан Засгийн газрын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг Ардчилсан нам хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Ээлжит хурлаар хэлэлцэх асуудлын албан ёсны жагсаалтыг ийм байдлаар төлөвлөжээ.

Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарах цаг хугацаа болсон гэж үзэж, хамтын шийдвэргүйгээр мэдэгдэл хийсэн гэгдэж буй Н.Алтанхуяг өөрийнхөө мэдэгдлийн улс төрийн учир шалтгааныг уг хурал дээр тайлбарлах нь байна. Түүний байр суурь зөв, буруу эсэхийг ҮЗХ-ны хурлаар хэлэлцэж, эцсийн шийдвэрийг батламжилна. Мөн энд онцлох зүйл нь хамтарсан засагт ажиллаж, халуун чулуу атгалцсан сайд нарынхаа үгийг ҮЗХ сонсохоор чухалчилжээ. Тэд салбар салбартаа хийсэн, бүтээснээсээ гадна амжуулж чадаагүй ажил, асуудлуудаа тайлагнана. Үүнээс илүү чухал нь тэд хамтарсан Засгийн газрыг цаашид хадгалж үлдэх улс төрийн нөхцөл, боломж үнэхээр дууссан эсэхэд дүгнэлт өгөх болов уу. Ийм хүлээлт ҮЗХ-ны гишүүдийн дунд байгаа учраас сайд нарын үгийг сонсохоор онцлон төлөвлөсөн биз ээ. Тэр дундаа МоАХ фракцийн тэргүүн Х.Баттулгын хэлэх үг, байр суурийг онцлогсод олон байна.

Хоёр нам хамтарч Засгийн газар байгуулахдаа гэрээ байгуулж байсан. Стандарт бус Засгийн газрын эрхзүйн үндсийг тодорхойлж ирсэн энэ гэрээг ҮЗХ хэлэлцэх нь зайлшгүй гэж үзжээ. Гэрээнд тусгасан хамтын зорилтууд хэр биелсэн гэдгээс илүүтэй гэрээгээр хүлээсэн үүргээ Ардчилсан нам ямар нөхцөлд яаж гүйцэтгэсэн гэдгээ онцлон хэлэлцэх юм байна. Гэрээний үүргээ зөрчсөн, ханилж яваад нөхрөө хаясан гэх зэргээр Ардын намын зүгээс буруутгаж байгаа энэ үед тэд өөрсдөдөө үнэлгээ өгөх болж байна. МАН-аас шидэж буй шүүмжлэлд ямар хариу барихаа Ардчилсан нам нухацтай хэлэлцэж, өрсөлдөгчийнхөө аманд багтаад байхааргүй том хариултыг ҮЗХ-ноосоо гаргана гэж төлөвлөжээ. Эдгээр асуудлууд дээр төвлөрөх анхаарлыг сарниулж мэдэх нэг хүндхэн асуудал байгаа нь намын даргаа солих эсэх. Ямар ч үед олон нийтийн анхаарал, сонирхлыг татаж байдаг Ардчилсан намын ҮЗХ-ны ээлжит хурлаас энэ мэт асуудлуудын шийдлийг намын гишүүд, дэмжигч, олон нийт анхаарал тавин хүлээж байна.

З.БОРГИЛМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж