Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр шатахууны үнэ 260 төгрөгөөр өслөө. Мөн ам.долларын төгрөгтэй харьцах ханш 1500 төгрөгт хүрлээ. Үүнийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ талийж одов. Энэ нь ард иргэдийн уур бухимдлыг ёстой барж байна. Аргагүй биз дээ. Амьдрал хэцүү байхад бүх юмны үнэ өглөө босоод ирэхэд л гэрлийн хурдаар нэмэгдчихлээ. Юунаас болоод энэ вэ. Улстөрчид буруутныг хайж эхэллээ. Гэтэл Ардчилсан нам Монголбанкны Ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийг буруутнаар зарлав. Тийм учраас түүнийг даруйхан огцруулна гэж ууртай гэгч нь мэдэгдэж байна. Чөлөөт зах зээлийг Л.Пүрэвдорж удирдаж байна гэдэг инээдтэй сонсогдож байна шүү. “Муу л юм болвол хойд талын хар овоохой” гэгчээр хийсэн зүйл, үйлдсэн болгоных нь бурууг Л.Пүрэвдорж ганцаараа үүрэх гэж үү. Тэд өөрсдөө буруугүй юу. Засгийн газраас гарах мэдэгдэл хиймэгц чоно борооноор гэдэг шиг шатахуун импортлогчид үнээ нэмчихлээ. Доллар гуайн үнэ тэнгэрт хадлаа. “Талх идэж чадахгүй бол Л.Пүрэвдоржийг чанаж ид” гэж тэд хэлэх гээд байна уу даа. Махны үнэ тэнгэрт хадлаа. Мах олдохгүй бол мөн л Л.Пүрэвдоржийн махыг идэх үү. Огцрох бол Л.Пүрэвдорж, ам.доллар өсвөл Л.Пүрэвдорж, бүр сүүлдээ цахилгаан тасарвал Л.Пүрэвдорж, нойр хүрэхгүй бол Л.Пүрэвдорж. Эцэст нь эхнэртээ хаягдвал Л.Пүрэвдорж буруутай болох вий. Ардчилсан намынхан ийм шог гараа дэгдээхээ болимоор юм. Ард түмнийг хохироож тартагт нь тулгаж хаячихаад өөрсдөө цэвэрхэн бултах аргаа хайж байна шүү дээ, тэд. Энэ шатахууны өсөлт бусад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд Ардчилсан нам өөрөө буруутай байж мэднэ. Хулгайч хүн л хулгайчийг бариарай хэмээн хамгийн түрүүнд адгадаг бус уу. За тэгээд талх, мах идэж чадахгүй бол Л.Пүрэвдоржийг чанаж идэх л болж дээ. Ямартай ч ядарч туйлдлаа гэхэд Л.Пүрэвдоржтой байхад чанаж идэх хүнтэй л юм байна.
Э.Баясгалан
"Улс төрийн тойм" сонин